Friday, May 7, 2010

Хүүхдийнхээ ирээдүйд мөнгө хадгалж болох ч хүчилтөрөгч бас хадгалж болно


Аймаг, сум, баг тус бүрт 100 мод тарих жилийн аяныг эхлүүлэхээр болжээ. БОЯ, байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг хэдэн ТББ хамтран эхлүүлж байгаа энэ ажлын эхлэл хамгийн их цөлжилттэй байгаа Дундговь аймгийн Өндөршил сумаас эхэлнэ гэнэ. Монгол улсын 21 аймаг 330 гаруй сумтайгаа нийлээд 350 гаруй болж байгаа юм. 35 000 мод тарих болж байна. Цаашлаад баг тус бүрт гээд үзэхээр энэ тоо дор хаяж тав дахин өснө. 190 000 ширхэг мод тарих ажил өрнөх нь. Улс орны хувьд аваад үзэхэд багахан тоо мэт.
Гэхдээ бид хэрхэн мод тарьдаг билээ?
Дээхэн үеийн жишээ ярих юм бол бид сайн мод тариалагчид байж болох. Гэхдээ тэр үеэс өнөөдөр юугаараа ялгаатай вэ гэвэл хүн бүр эрх чөлөөтэй. Тэдний сонголтоос бүгд хамаарна... Хүсвэл хийнэ, хүсэхгүй бол үгүй.Мод тарихад ч мөн адил. Тухайн цаг үед нийгмийн сайн сайхан, агуу социализм гэсэн нэгдсэн "эмээх зүйлтэй" байсан. Харин одоо бол ээжээсээ ч бараг айхгүй байгаа бие даасан бие хүмүүс байгаа шүү дээ. Тэднийг нэгтгэхэд хэцүү.
Өнгөрсөн оны хаврын сүүлчээр "Шинэ өглөө" сангийнхан нийслэлийн хойд цэг Ар согоотод томхон газарт олон хүнийг хөдөлгөж, хөрөнгө зарж төгөл байгуулах ажил өрнүүлж байсан. Гэвч жилийн дараах байдал ямар байгааг очоод харвал гонсоймоор.
Модыг авахдаа хамгийн сайн, залуухан, тэгшхэн модыг нь хайсаар яваад олж, шилж чаддаг мөртлөө тарьж суулгахдаа яагаад ийм хичээл зүтгэлтэй хандахгүй байгаа юм бол? Нүүр лүүгээ элс цацуулсан, нүд рүүгээ шороо оруулсан, арьс нь хатсан үдээрнээс ялгаагүй болох ирээдүйг их хүссэндээ юм уу? Модыг ядаж авсныхаа тал хувьтай нь тэнцэхүйц хэмжээгээр тарьж байхгүй бол дээрх ирээдүй л бидэнд ирнэ.
Тооноос чанарт шилжихийг хичээцгээе. 190 орчим мянган модыг хөрсөнд суулгахаасаа өмнө иргэдийн тархинд мод тарих цаг аль эрт болчихсон ч хэн ч юу ч хийгээгүй байна.
Сүүлийн үед Тавантолгой, Оюутолгой гэдэг асуудлыг улс төрчид ихээр ярьж байгаа болохоор хүмүүст тэр л хамгийн чухал асуудал мэт ойллого төрчихсөн мэт. Үнэндээ алт, оюу, зэс, гууль юу л байна тэр хөрсөндөө байлаа гээд бид нар өлсөөд эсвэл хатаад үхчихгүй. Харин байгаль эх маань ширгээд дуусчихвал жинхэнэ хуурайшилт, дутагдаад байсан оюуны цангаа туйлдаа хүрнэ. Сэтгэлгээний цөлжилтийн үр дүн биенд, эх дэлхийд маань халдварлана.
Мод тарьснаар асуудал шийдэгдэхгүй. Ямар модыг хаана, яаж тарих гэдгээс бас олон зүйл хамааралтай. Элсэрхэг орчинд тэсвэртэйг нь мэдээж говь нутагт, харин элсний нүүдлийг хязгаарлачихмаар модыг хангай хээрийн бүсэд, харин хангайд бол гүний усыг ихээр татаж чаддаг тийм л моддыг тарих нь зүй. Баг бүрт 100 мод гэж байхаар хашаа бүрт нэг мод гэвэл илүү үр бүтээмжтэй юм болов уу?
Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт экологи гэдэг хичээлийг онол, лекц биш харин газар хөрстэй шууд харьцдаг цаг болгох хэрэгтэй. Модоо тариад, хажуугаар нь хүнсний ногоо тарьсан ч болно. Эцэг эхчүүдийг ч бас албан байгууллагаар нь дамжуулан сургалт, семинар, лекц, илтгэлд хамруулах нь зүйтэй.
Нэг хийвэл хийсэн шиг хийе гэдэг үгийг монголчууд маань хэлдэг дээ.
Ар согоотод юу дутагдсан бэ? Мод бүхэнд хандуулах халамж. Мод бол хүнсний ногоо биш болохоор модгүй байсан газарт их л арчилгаа шаардах нь тодорхой. Шал өөр газар шилжээд ирэхээр нэг л эвгүй санагддаг. Эсвэл найзууд дундаасаа танихгүй хүмүүсийн дунд ороод ирэхээр таны хувьд хүндхэн байдал бий болно. Яг л түүн шиг мод тарихад ч бас учир бий. Хүлээцтэй, тэвчээртэйгээр хандвал модыг тарьж болно. Гэхдээ эхлээд тарих хүслийг хүн бүрийн зүрхэнд бий болгох хэрэгтэй.
Монголчуудын хувьд туудаг хэдэн малаасаа авсан шимээр аж төрдөг байсан. Нүүж явахдаа газар ургасан сонгино цоорхон зэргийг тасдаж аваад хэрэглэчихдэг байжээ. Тэр үйлдлээс нь сөрөг үр дагавар гардаггүй байсантай холбоотой. Яагаад гэвэл тухайн газарт сар жилээр суухгүй. Сайндаа л хоёр сар болоод нүүгээд явчихна. 1-2 жилийн дараа эргэж ирнэ. Тэгэхэд өнөөх цоор нь хоёр дахин их ургачихсан байна. Ургамлыг бага багаар тайраад байвал илүү хурдан ургадаг гэдэг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл бид ургуулж тарих талын туршлага багатай.
Мод тарилаа гэхэд түүнийгээ жил тойрон арчлаад байх завгүй байсан. Гэхдээ өөрсдөө байгальдаа хөнөөлгүй учраас эх дэлхий өөрийн эргэлт, урсгалаараа л нөхөн төлжөөд явдаг байсан. Ясны юм гэдэг ясны л юм шүү дээ.
Хар багаасаа мод тарьж үзээгүй, мод тарих гэдэг үг чихэнд хөндий сонсогдон цуурайтаж байгаа бол өнөө маргаашдаа мод тарих гэхгүй л байх. Харин мод тарих аргыг заана, байнга хянаж тусална, мод тарих нь танд болон гэр бүлд тань ийм ач холбогдолтой. Хүүхдийнхээ ирээдүйд мөнгө хадгалж болох хүчилтөрөгч бас хадгалж болно гэх зэргээр ухуулга хийчихвэл ч модыг тарьж өгнө дөө. Монголчууд ухуулга хийхдээ сайн улс юм хойно. Аймаг, сум, баг бүрт тарих нийт 190 000 орчим мод 2 700 000 байг гэхэд нэг саяд хүрэх ч юм бил үү.

No comments:

Post a Comment