Thursday, May 6, 2010

СГЗ, Сэтгүүл Г.Золжаргал ахтай уулзлаа




Манай сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим улсдаа нэртэйсэн. Саяхан Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал ах нэг, гуравдугаар ангийн оюутнуудтай уулзсан юм. Тэрээр ирээдүйд сэтгүүлч болох бидэнд нэгэн зүйлийг долоо болгон захиж байсан юм. Тэдгээр нь Англи, Орос, Хятад, Герман, Франц,Испани, Монгол хэл бичгээ сайтар судалж, гарамгай сурахыг захив.
Яагаад гэвэл сэтгүүлчид төслийн ажил хийх боломж маш их байна гэнэ. Гэтэл мэргэжлийн сэтгүүлчид тэр ажлыг нь хариуцаад авч арай л чадахгүй байгаа юм. Хэдий сэтгүүл зүйн тухайд боломжийн ойлголт, чадвартай боловч хэлний асуудал "таг". Франц хэл гэнэ, Япон хэлээр гэнэ, Никарагуа улсын хэлээр ч байсан сайн ярьдаг эсвэл харилцдаг сэтгүүлчтэй бол ажлыг ундаргахаар зэхсэн төсөл олон байна.
Нэгэнт сэтгүүлчид маань чадахгүй болохоор хуульчид, олон улсын харилцааныхан гэх зэргийн мэргэжлийн хүмүүс тэр төслийг шүүрэн аваад байна гэнэ.Тэдэнд байдаг том дутагдал нь сэтгүүл зүйн шаардлага хангасан мэдээлэл хүргэх тал дээр асуудалтай тулгардаг юм байна.
Г.Золжаргал ахыг ойроос харахад ТВ-ээр гардагаасаа хавьгүй дөлгөөхөн, намбалаг хүн байсан юм. Тэрээр хэл сурахыг захихдаа өөрийн нэгэн түүхийг ярьсан юм.Хэрэв чамд дурласан бүсгүйгээс чинь өөр хэлээр захиа ирэх юм бол чи тэр хэлийг сурахыг маш их хүсээд зогсохгүй түргэн сурна гэнэ. Учир нь онцгой нөхцөл, зүрх, сэтгэл, тархинаас нь хүсэл оргилж байгаа болохоор...
Өөрөө герман бичигтэй цамц өмссөн бөгөөд Герман хэлийг багадаа сурсан гэнэ. Яаж гэвэл үнэхээр их шүтэн биширч байсан хөл бөмбөгийн багийнх нь зурагтай мэдээлэл нэг герман хэл дээрх сонин дээр гарч. Толь аваад тэрийгээ нухаж суусаар анхны хэдэн үгээ цээжилж, мэдсэн гэнэ лээ.
Нэг цаг 30 минутын ярилцлагын дараа тэрээр дөрөвхөн долоо хоногийн өмнө бүтээсэн "Говийн Охид" баримтат киногоо үзүүллээ. Тэр бол ахуй амьдрал, нийгмийн сэдэвт баримтат кино хийдэг уран бүтээлч гэж өөрийгөө хэлж байсан. Үнэхээр ч тийм байхаас аргагүй уран бүтээлч юм. Залуу сэтгүүлчдийг чадахаараа дэмжиж ажилладгаа илэрхийлсэн юм. Эцэст нь "Хожим үзээд ийм байсан юм байна гээд гайхаж, дуу алдуулахуйц баримтат кино хийхийг хүсдэг. Өнөөдөр байгаа амьдрал чинь ирээдүйд өөрчлөгдөнө. Түүхэн амьдралыг л сануулах гэж баримтат кино хийдэг" гэдгээ илэрхийлж байсан юм.

No comments:

Post a Comment