Tuesday, May 18, 2010

Биед ч, байгальд ч ээлтэй унааг бүгдээрээ сонгоцгооё

Нийслэлд 130 000 гаруй авто машин бүртгэлтэй байдаг. Тэдгээрийн 1000 орчим нь нийтийн тээврийн том оврын автобус болж байгаа юм. 500 гаруй нь бага оврын автобус/микронууд/ байдаг юм байна. Тэгээд үлдсэн нь амины, албаны, төрийн гээд том, жижиг тэрэгнүүд.
Замынхаа ачааллыг даваад гарчихлаа гэсэн дүгнэлтийг эртнээс хийсэн. Гэсэн ч гаднаас орж ирэх машины тоо нэмэгдсээр л байна. Ингэхдээ эдгээр машин нь шинэ машин ч биш 10 хүртэлх жил ашиглагдсан хуучин машинууд байх юм.
Солонгосчууд, япончууд хог хаяхаар торгууль, татвар төлдөг гэсэн. Хуучирсан машинаа хаячихъя гэсэн чинь татварт унах гээд байхаар нь Монгол гэдэг машины “хүслэн” болсон улс руу аччих боломж гарсан гэдэг. Үүнээс харахад монголчууд машин унадаг биш хог хөлөглөдөг болж байгаа юм.
Энэ хогнуудаас нүдэнд харагдах хоёр уршиг бий. Нэгдүгээрт утаа гаргана. Амьсгалах агаарыг гэр хорооллын утаа бузарласаар байхад эдгээр хуучин тэрэгнүүд бас хамжилцана. Дараагийнх нь түгжрэл үүсгэнэ. Арван жил ашиглагдсан эд анги элэгдэлд орж гэмтэх нь хялбар. Тэгээд ачааллаа даахгүй дүнсийх мэт хар замын яг голд нь эвдрээд зогсчихно. Өнөөх том автобуснууд тойрох гээд гацна. Ингээд өдрийн бухимдал өглөөнөөс эхэлнэ дээ.
Өвөлдөө хальтарч, гулгаж түгжирдэг. Ингээд гулсаж, хальтирахгүй зун цаг ирлээ, санаа амарна даа гэтэл арай үгүй юм. Түгжрэл дахиад л эхэлнэ. Тоос шороо бужигнана. Замын хажуугаар ургаастай моднууд булгарч унана, жаахан зүлэг ногоотой хөрс сийчүүлнэ. Зам засвар гээд энд тэнд хагас, хугасаар нь хаачихна. Тэгэхээр бөглөрөл, түгжрэл нэмэгдэж дагаад бухимдал, уурсал дахиад л ундарна биз дээ.
Япон улс бол Азидаа хүн амын тоогоороо /128 сая/ эхний тавд багтдаг. Гэтэл тэр улсын нийслэл Токио хотод унадаг дугуйтай хүн машинтай хүнээс зорьсон газраа 50 минутаар түрүүлж хүрдэг гэсэн баримт байдаг. Тэнд хүний ачааллаас гадна машины ачаалал асар их. Хуралд яарч яваа дарга хэрэв унадаг дугуйгаар явсан бол хуралдаа санаа амар амжих байж дээ. Харин манай Улаанбаатар хотын энэ замын эвдэрхийг тойрч, түгжрэхээс унадаг дугуй 30 минутыг хангалттай хэмнэнэ.



Унадаг дугуйчдыг Төрөөс дэмжмээр юм аа.
Өнөө үед хоёр ба түүнээс дээш ашигтай талыг харахгүй бол сайхан амьдарч чадахгүй нь. Харин унадаг дугуй хоёр ба түүнээс дээш талын ашигтай. Эрүүл мэнд талаасаа таргалалт, хөдөлгөөний дутагдлаас бүрэн сэргийлнэ. Байгаль орчин талаасаа хор хөнөөл учруулах зүйлгүй. Эдийн засаг талаасаа хямдхан бөгөөд төсөрхөн тохижуулан тоноглочихож болно. Нийгмийн оролцооны талаасаа авто замаар ч зорчиж болно, явган замаар явсан ч болно.
Байгаль орчныг хамгаалахад бидний хийж чадах ахуйн шинжтэй энгийн зүйлсийн нэг нь дугуйг сонгон хэрэглэх. Хөдөө талд наадам боллоо гэхэд машинаараа уралдан давхилдаж ногоон талыг шороон тал болгон талхалдаг. Учир нь нэг машин /дунджаар/ дөрвөн том дугуйтай. Харин унадаг дугуй хоёр нарийхан дугуйтай. Тиймээс хөрсөнд онцгой сөрөг нөлөөгүй.
Агаарыг бохирдуулахгүй, ус гатлаад гарлаа гэхэд тос, масло, шатахуун асгаж бохирдуулахгүй. Дугуйны төрөл зүйл олширсон болохоор ууланд явах, хотод явах, хурдан явах, ойр зуурдаа хэрэглэх гээд олон янзаар сонгож болно. Даган ирэх хэрэгсэл, хувцас, тоноглол нь зайлшгүй шаардагдахгүй. Хамгаалалтын малгай нь хямдхан гээд эдийн засгаар ч “холгохгүй”. Дугуйчдыг ер нь дэмжмээр юм аа. Яаж?
Хотын замаар явахад хэд хэдэн бэрхшээл бий. Зориулалтын зам, зурвас байхгүй. Авто зам, явган замаар холилдон сүлжилдэн явна. Авто машинууд дайрчих гээд шахна. Явган хүмүүс нь дайруулчих гээд шахна. Ядаж 50 см өргөнтэй зурвас гаргачих хэрэгтэй байна. Хөдөлгөөний уг дүрмэндээ унадаг дугуйтай хүмүүс хоёроос илүүгүй эгнээгээр, авто замын зорчих хэсгийн баруун талыг барьж явна гэсэн байдаг. Харин үүний дагуу явах юм бол зарим машинд дайруулах болдог.
Унадаг дугуй яагаад хэрэгтэй вэ?
Өвлийн болон хавар, намрын сэрүүн цагаар дугуй унах нь осолтой. Харин урин орсон, зуны дулаан цагт дугуй тун хэрэгтэй. Хөдөлгөөний дутагдал, хэт таргалалт гэдэг өвчин өнөөдөр олон хүн амтай улс оронд асуудал болоод байгаа. Харин унадаг дугуйг өдөртөө хэрэглээд байх юм бол энэ асуудалд санаа зоволтгүй болно.
Хятад улсын нийслэл Бээжин хот манай нийслэл шиг утаан хөшигтэй байсан гэдэг. Харин одоо бол тийм биш. Хятадууд зундаа дугуй сайн хэрэглэдэг ард түмэн гэдгийг мэднэ. Зундаа утаагүй, шороо тоосгүй цэвэр байхын утга учир нь үүнтэй нэгэн сэжмээр холбоотой. Унадаг дугуйтай зорчигчид дүрмээрээ бол жолоогоо тавьж явах хориотой байдаг. Өнөөдөр авто замын захын эгнээг бариад явж байхад тамхины цаас, шоколадны, зайрмагны уут, тамхины иш гээд эрээлжилсэн их хог харагдана. Машины жолоочдын болон тэдний хүүхдүүдийн хийж байгаа ажил. Цонхоороо хог гаргаад шидэх нь тэр хүнд энгийн асуудал. Харин дугуйтай хүн бол жолоогоо сул тавихгүй байх дүрмийн дагуу ийм болтол нь хог хаях боломжгүй.
Зундаа цэвэр цэмцгэр, цэнгэг агаартай байж үзэхээр өвөл нь ч бас тийм байж болохгүй гэж үү гэсэн бодол хятадуудад төрсөн байхыг үгүйсгэхгүй. Харин монголд зундаа ч 130 000 машины утаа, тэдгээрийн дугуйгаар үүсгэгдэх шороо тоос... Нэгэнтээ л бохир нийслэл гэсэн бодол байсаар байна.
Монголчууд дугуйг нэг хэсэг хэрэглэж байсан үе бий. Социализмын журамт, дэгтэй цаг үеэр монголын сэхээтнүүд “Украйн” хэмээх унадаг дугуйгаар хотоо сүлжин, хосоо сундлан, залуучуудын хэрэглээ болгоод байсан. Харин өнөө үед машин унахгүй бол залуу хүнд тооцохгүй болчихсон мэт, унадаг дугуй гэдэг хүүхдийн тоглоом мэтээр сэтгэж, түүндээ бүрэн итгэчихээд дугуйг мартжээ.
Унадаг дугуйн хүсэл, хэрэглээ хэн хэнд байгааг нотлох нэгэн баримт. Сүхбаатарын талбайн голд унадаг дугуй түрээслэгчид гэсэн нэгэн албан бус ажлын байр бий. Өдрийн сүүлээр тэдний хэдэн дугуй ээлж чөлөөгүй ашиглагдана. Эзэндээ ашиг авчирна. Тэдгээр дугуй яагаад өдөр бүр ээлжгүй, амралтгүй унагдсаар байна вэ? Хүмүүс унадаг дугуй унах дуртай, сонирхолтой. Харамсалтай нь нөгөө “машинтангууд”-аас санаа зовж, “хүүхдийн тоглоом”-оос татгалзаж байна.
Үнэндээ байгаль орчинд ээлтэй, морьноос ялгаагүй ашигтай энэ унаа маань спорт болох хүртлээ хөгжчихсөн. Харин тэнгэр язгуурт монголчууд маань л харахгүй өнгөрөх гээд байна.
Унадаг дугуйг ах эгч, аав ээж, анд найзууд хэрэглээгээ болгох хэрэгтэй байна. Хэн байгальдаа хайртай, хэн орчин тойрноо хамгаалахыг хүснэ тэр дугуйг сонгох хэрэгтэй байна. Хийж байгаа ажлаасаа хоцорч, хотыг бүтэн сүлжих эвдэрхий замаас татгалзаж 30 минутаар цаг хэмнэх дугуйгаа унах хэрэгтэй байна. Авто замаар, эсвэл явган хүний замаар унадаг дугуйчдад зөвшөрөөгдсөн 50 см зурвас гаргах хэрэгтэй байна. Монголчууд маань үндэсний үзэл ихтэй болохоор гадаадын дугуйг хэрэглэж гадагшаа урсах хөрөнгийг улсдаа дугуй үйлдвэрлэдэг болгож татах хэрэгтэй байна./Цахилгаанаар ажилладаг машин бүтээгээд байгаа монгол инжернерүүд, “Могул” компьютер бүтээгээд байгаа монголчууд унадаг дугуй бүтээхэд торох зүйлгүй/ Машин хэмээх эдийн засгийн гарлага, залуу хүний илэрхийлэл гэсэн төөрөгдөл, байгалийн уушги-амьсгалыг буртаглагч, машингүй бол болохгүй мэт хийрхлээс зайлсхийх хэрэгтэй байна. Унадаг дугуйг, унадаг дугуйчдыг дэмжих хэрэгтэй байна, бүгдээрээ.

Байгаль орчноо хамгаалахын тулд бид юу хийж чадах вэ?

Өөрийнхөө эзэмшлийн орон гэртээ байгаа хүн жаргалтай байдаг нь “Хажуу өрөөнд зовохоор хувийн оромжинд жарга” /Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов/ гэдэг үгтэй ижилсэнэ байх. Монголчууд ч биш гадаадынхан ч гэсэн гэр амьтай улс гэдэг нь хувийн эдлэн газраа харамлаж, хамгаалж байгаагаас нь харагддаг. Гэр амьтай гэдэг үг тэгэхээр тийм ч сөрөг утгатай үг биш байх нь. Гэр гэдэг утгыг эртний Грект "Ойкос" гэдэг үгээр илэрхийлдэг байжээ. Харин өнөөгийн экологи гэх нэр томъёо "Гэр судлал" буюу "ойкос логос" гэсэн үг байсан аж.
Тэгэхээр байгаль орчин, хүрээлэн буй орчин гэж ярьж байгаа нь ердөө л гэр орны асуудал болон хувирч байгаа юм. Монголд гэр орныг улс оронтой адилтгасан нь цөөнгүй. Гэхдээ үүрэг, зохион байгуулалт зэргээр нь жишсэн болохоос бидний хөндөж буй асуудлын адилаар зүйрлэсэн нь үгүй. Гэр өөрөө ямар нэгэн гэртэй. Гэрийн гэр бас гэртэй. Гэрийн гэрийн гэр ч гэсэн гэртэй. Гэрийн гэрийн гэрийн гэрийн гэр... Энэ мэтчилэн гэрүүд шат ахисаар ээж байгаль, эрүүл орчны түвшинд хүрэх нь.
Бид гэр амьтай улс. Орон гэрээ байнга цэвэрлэж чаддаг хэрнээ "ойкос"-оо орхигдуулчихаад байдаг. Ялангуяа шинээр баригдаж байгаа барилга, байгууламжууд. Хуучин байгууллагууд ч бас ялгаагүй. Хууль ёсоороо байгууллага бүр "гэрийнхээ" эргэн тойрон 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж, арчлах үүрэгтэй. Харин үүнд нь хяналт тавьж байгаа газар алга. Гэрээ цэвэрхэн байлгахын тулд оюутнууд бид үүнийг хийж чадна. Итгэл, дэмжлэг л хэрэгтэй.
Айдас хоёр янз
Тийм ээ, айдас хоёр янз. Алсын ба агшин зуурын айдас гэж байгаа юм. Агшин зуурын айдас нь тун аюултай. Харуй бүрийд булангийн хажуунаас хар хувцастай сүүтэгнээд гараад ирэх юм бол агшин зуур айгаад газар дээрээ зүрх нь хаагдах эрсдэлтэй.
Алсын айдас нь ч тун аюултай. Ихэнхдээ маргаашийн, ирээдүйн тохиох зүйлээс эмээж явахыг үүнд багтааж болно. Үр хүүхэд маань яаж амьдрах бол, ямар ажилд орох бол, хэр их цалин авах бол, ямар орчинд аж төрөх бол...? Энэ мэтийн санаа зовнилыг айдаст тооцож болно. Ийм айдсын үр дагавар нь галзуурал, солиорол, сэтгэцийн гажиг, мэдрэлийн ядаргаа, адаглаад л стресст байнга оруулна. Харин нэг давуу тал нь гэвэл айдсаа засах, даван туулах боломж байнга байдаг.
Дэлхий нийтээрээ айдсаараа ижилсээд байна. Дэлхийн дулаарал. "60 жилийн дараа газраас ухсан шороотой усыг булаацалдан ууна, далайн усыг цэвэршүүлдэг үйлдвэрээс бусад бүх албан байгууллага дампуурч, хамгийн өндөр наслалт 50-д хүрэхтэй үгүйтэй, эмэгтэйчүүд халзан болно. Гэмт хэрэг уснаас үүдэлтэй байж, мөнгөний оронд усыг хэрэглэж, идэх зүйлийн 80 хувийг хиймэл аргаар боловсруулж, озоны давхрага цоорсноос болж хүмүүс хувцасгүй мөртлөө арьс нь өвчилсөн байх болно". "2070 оноос бичсэн захиа" нэртэй ийм зүйлийг та олж харсан уу? Айдсыг жинхэнэ бодит байдал болтол төрүүлнэ. Дараах холболтоор ороод тэр захидлыг уншаад үзээрэй. 2070 оноос ирсэн захиа. Нэгийг бодуулна байх.
Гэхдээ энд "2020 онд төрсөн хүн "ойкос"-ыг сүйрлээс аварч чадах сүүлчийн үе байсан юм" гэж хэлэх нь тайвшруулна. Байгалийг хамгаалж чадах сүүлээсээ хоёр дахь үеийнхэн нь бид байвал яах вэ? Тэгвэл бид ямар нэгэн зүйл хийхээс өөр аргагүй юм.
Бид юу хийж чадах вэ?
Одоо бидэнд байгаа боломж модоо тарих, газар сэндийлэлтийг багасгах, агаарын хордолтыг багасгах, орчиндоо хортой технологиос татгалзах, залуу үеийнхэн гэлтгүй иргэн бүрт "ойкос логос"-ын талаарх ойлголтыг бий болгох гэх зэрэг юм. Эдгээрийг хэрэгжүүлэх боломж хэр вэ?
Тавдугаар сарын 15 мод тарих өдөр гээд багагүй модыг тариалах бэлтгэл базааж, цөөнгүй хүн мод тарьж, насныхаа буянг үйлдэцгээж байна. Гэхдээ модыг ухсан газарт суулгах төдийгөөр болчихдог зүйл биш гэдгийг санаасай, тарьсан мод бүр нь эргээд хяналттай байгаасай, сэтгэл хөдлөлөөр, байгууллагын сурталчилгаа төдийхнөөр биш ирээдүйн айдсаа дарсан, хүүхдүүддээ хөрөнгө оруулалт хийсэн буянтай ажил байгаасай. Тарих модоо сонгохдоо ч анхаардаг байгаасай. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, мөнх ногоон моддыг зөв хослуулж суулгах хэрэгтэй. Зуны сүүлээр хөвөн шиг цагаан зүйл хийсдэг нь моддыг эр, эмээр нь хослон суулгаагүйгээс үүддэг байна. Харин хөдөө орон нутагт бэлчээрийн малд тэжээлтэй, хөрсийг сэргээж, шим өгөхүйц мод, ургамлыг тарих нь зүйтэй. Жишээлэхэд, согоовор, царгас зэрэг нь боломжийн сайн ургамал бөгөөд малд ч, хөрсөнд ч ач тус ихтэй. Үнэ ханш нь өндөр биш гээд бодохоор боломжийн ургамал.
Өнгөрсөн өвлийн хор хохирол монголд хүндхэн туссан нь тодхон харагдана. Хонь хэвтээд л өгвөл босохгүй байна гэнэ. Явсаар байгаад эр ямаанууд л үлдэж. Барагдахын сүүл гэдэг ч баяжихын эх юм хэмээн найдлага тавьж сууна, хэдэн малчин маань. 42 сая толгой мал өнгөрсөн намар тоолж бүртгэсэн ч ингээд 6 000 000 гаруйг нь эргээд алдчихлаа. Буруу нь байв? Нэгдүгээрт 168 000 000 малын хөл, шийр, туурай бэлчээрийн талбайд зэрэг гишгэж, зэрэг явж байсан нь талхлалт бий болгосон. Хоёрдугаарт 42 000 000 том жижиг хошуу зэрэг идэж, зэрэг хивж байсан нь бэлчээр ургамлын даацыг хэтрүүлсэн. Гуравдугаарт 2 000 гаруй уул уурхай, газар ухах лиценз зөвшөөрөл дээр нэмээд 3 000 гаруй гар аргын "нинжа" нар усны ундаргад хайргүй, газрын хэвлийд гамгүй хандсан нь өнгөрсөн өвлийн үндэс суурь юм.
Озоны давхаргын цоорол нь ирээдүйгээс заналхийлэх нэгэн айдас. Үүнд агаарын бохирдол хамгийн түрүүнд нөлөөтэй. Агаарын бохирдол ихтэй хотуудын тоонд Улаанбаатар зүй ёсоор орно. Учир нь тэнд 130 000 гаруй жижиг яндантай гэр, байшин бий. Учир нь бүр жижиг яндантай, ихэнх нь 10 жил явчихсан 130 000 гаруй өөрөө явагч машин бий. Учир нь хамгийн багадаа 40 гаруй жил болчихсон хэд хэдэн үйлдвэр бий. Эдгээр нь бүгдээрээ утаа ялгаруулдаг. Харамсалтай нь дийлэнх нь хэвийн хэмжээнээс хол зөрүүтэй. Монголчууд бүгд гэртэй болохыг, бүгд машинтай болохыг, бүгд үйлдвэртэй болохыг хүсдэг нь нууц биш. Энэ хүсэл, хэт давралд хязгаар жишиг тогтоох юм бол агаарын бохирдол төдий хэмжээгээр багасах нь дамжиггүй.
Хуванцар үйлдвэрлэдэг мөртлөө хортой хий ялгаруулдаг техник хэрэггүй. Хог боловсруулдаг хэрнээ бохир шингэн гаргадаг бол бас л хэрэггүй. Мод боловсруулдаг байж болох ч оч хаядаг бол түймэр тавих эрсдэлтэй. Дулааны цахилгаан станцын утаа ялгаруулж дулаан боловсруулдаг технологиос зайлсхийж байна. Үр бүтээмжтэй байж болох ч гарах эрсдэл нь түүнээсээ хэд дахин илүү байх технологиос татгалзах хэрэгтэй. Амьдрал баян болохоор юу ч тохиолдож болно. Эрсдлээс хамгаалах сонгодог арга нь татгалзах юм. Харин бид яах ёстой вэ? Хүний хөгжилд нэрээр олгож байгаа 10 кг махны мөнгөөр салхин сэнс, нарны зайн цахилгаан үүсгүүрийг босгох, өөрийн улсын физикч, зохион бүтээгчдийг дэмжиж салхин сэнсийг бий болгуулах нь зүйтэй. Автомашинаас түдгэлзэж байна. Шатахуунаар ажиллаж, утаа ялгаруулдаг нь тал талын сөрөг дагавартай. Саяхан Монголд цахилгаанаар ажилладаг машин зохион бүтээсэн. Дэмжлэг байвал Монгол хүн бид бүхнийг чадна.
Манай боловсролын системд "Хүүхдүүдэд, залуу үеийнхэнд л сургах хэрэгтэй. Бид яах вэ, харьж яваа улс" гэсэн ахмадын байр суурь байнга байдаг. Энэ л аюул. Эрх чөлөөтэй нийгэм нэгэнт бий болсон бол нийтээрээ сурах, ойлгох ёстой зүйлийг ахмад үе үл тоож байхад залуу үе заавал мэдэх ёстой байж болохгүй. Нэг л хүн болохгүй бол бусад нь ч бас болохгүй байх эрх нь бий. Тэр нь өөрөө ардчиллын нэгэн шинж. Хүүхдүүдэд боловсролоор нь, залууст хэвлэл мэдээллийн хэрэгслээр, ахмад үеийнхэнд суртал ухуулгаар, дарга нараар ятгуулвал бүх нийтийн байгаль хамгаалах, "Ойкос-логос"-ын асуудал бүрнээ хэрэгжих суурийг тавьж чадна.
Бид гэрээ цэвэрлэдэг мөртлөө яагаад “гэрийнхээ гэрийг” цэвэрлэдэггүй юм бэ?
Бид ирээдүйд эмээж, стресст оролгүй ямар нэг зүйл яагаад хийж болохгүй гэж?
Бид "Ойкос"-оо хамгаалж, хайрлаж эх дэлхийгээ аврах боломжоор дүүрэн байна. Бид гэр амьтай улс.