Thursday, May 6, 2010

Оюутнууд ажиллах хүчин байж болох уу?

"Хүний хөгжлийн сан"-аас 70 000 төгрөг олгох дэвтрийг 3 000 000 хувиар хэвлэсэн. Ерөөл билэгтэй юм гээд улсынхаа нийт хүн амыг 3 000 000-аар тооцоод үзэх юм бол оюутнууд маань 5,4 хүртэлх хувийг эзэлж байх юм. Улс орны хувьд аваад үзэх юм бол багахан хувь мэт байгаа биз?
Гэтэл монголын аймгуудын хүн амын дундаж нь 50 000 гэж үзвэл хангалттай гурван аймгийн оршин суугч, иргэдтэй тэнцээд ирж байгаа юм. Баруун гурван аймаг, эсвэл зүүн гурван аймаг гэх мэтээр ярьдаг даа, бид. Аймгийн иргэд нь өөр хоорондоо харилцаад аж төрж, амьдралаа залгуулан явдаг.
Оюутнууд маань хэн билээ? Энгийн нэгэн иргэн шүү дээ. Гэтэл тэднийг хүн биш оюутан гэж үзэх нь холгүй байна.Оюутан гэдэг нэр нь өөрөө оюун ухааныг илэрхийлнэ. Тэгэвч тэднийг тэнэг, хэнэггүй, маанаг мэтээр дүгнэгсдийн үнэр захын нэг автобусан доторх уур амьсгалаас л сэнхийж байна.
Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог хясмаар нэгэн үнэн байна аа. Согтуу оюутан гуйвж харагдвал "Энэ оюутнууд уу!" гэнэ. Уушийн газар, кафены үүдэнд тамхилж зогсоо залуусыг хараад "Энэ оюутнууд уу!" гэнэ. Гудамжаар инээлдэн, шуугилдан явахад мөн л "Энэ оюутнууд уу!" гэнэ дээ. Гэтэл би гэдэг оюутан архидаагүй, агсамнаагүй, тамхилаагүй, танхайраагүй шүү дээ...
Авгай авч, тусдаа гарахгүй, зөнөг царайлчихаад гэж хүмүүс яншицгаана.Яг үнэн хэрэгтээ юусан билээ гэхээр өөрсдөө гэрээсээ явах тухай ойлголтыг үртэс ч үлдээлгүй устгачихсан шүү дээ.Яаж гэж үү? Хүүхэд байхдаа 200 төгрөг бариад баярлан дэлгүүр гүйдэг байлаа. Учир нь тэрнээс том мөнгө байдаг ч хэрэглэх "толгой" байсангүй. Тоглоом авлаа ч гэсэн өдөртөө бүрэн тоглох эрхгүй. Хувцасаа өөрөө сонгож, өөрийн хүсэл мөрөөдөл, өөрийн гэсэн орон зай, орчноо бий болгох боломжийг өгсөнгүй. Үргэлж дайран, довтолгон орж ирээд наадахаа орхи гэх "тушаал" буулгана.Гэртээ тогтохгүй хаагуур тэнээд байгаа юм бэ? гэж загнана. Гэртээ харихгүй энд юу хийж байна аа? гээд л зэмлэнэ. Гэрээсээ холдохын аргагүй. Аягүй л бол загнах байлгүй...
Оюутнууд ажил хийж чадахгүй гэж үү???
Бүтэн гурван аймгийн хүмүүс ажилгүй байх юм бол юу болох вэ? Өлсгөлөн, бослогон, дайралтууд эсвэл зүгээр л дампуурал. Бүх талын дампуурал эдийн засаг, эрүүл мэнд, хоол хүнс, дэд бүтэц хүртэл хэрэггүй болно. Гэтэл тэд өөрсдөө бол чадах л зүйл. Хичээлийн хажуугаар ажил хийхийг хэн хэн нь л хүсдэг. Гэвч олддоггүй л болохоос.
Оюутнуудаар яагаад ажил хийлгэж болдоггүй юм бэ?
Нэгэнтээ оюутнууд бол мэргэжилтэн болж гарна. Харин ажил олгогчид өөрсдийн дөрвөн жилээс цаадахыг харсан бодлогоороо оюутнуудыг дэмжих хэрэгтэй. Дөрвөн жилийн дараа тэднийг төгсөхөд юу ч болж мэднэ шүү дээ. Дундаж маягаар жишээлээд үзье.Таны бүх ажилтан гэнэт өвдөөд, өрөнд ороод, ажлаасаа гараад, эсвэл хөдөө яваад та ганцаараа үлдлээ гэж бодъё. Хэрхэн ажлаа үргэлжлүүлэх вэ?
Хэрэв та өөрийн байгууллага, ажлын газрын дэргэд оюутнуудыг хямдхан ажиллуулдаг жижиг цех маягийн байгууламжтай байсан бол дээрх тохиолдолд алзахгүй, бүү ай. Яагаад гэвэл тэд орлогч байх болно.
Хүний нөөцийн менежмент гэж нэг зүйл бий. Өөрсдийн ажилтныг хамгийн үнэтэй хөрөнгө гэж тооц гэсэн онол түрэн гарч ирсэн. Та ажилтнуудаа сайтар зохион байгуулж чадахгүй бол харамсалтай нь ганцаараа хоцорч, хаалгыг тань дампуурал тогших нь.
Менежмент гэснээс ажилтнуудаа сэдэлжүүлэх, идэвхжүүлэхийн тулд тэднийг урамшуул. Сайшаа магт, гэхдээ мэдээж өгөөжтэй, хүртээлтэй байдлаар.
Оюутнуудыг авч ажиллуулахдаа үндсэн сайн ажилтандаа дөрөв хоногийн амралтын өдөр гаргаж өг. Эргэж орж ирээд хичнээн эрч хүчтэй ажиллах бол. Ажлынхаа хуучин урсгалыг илүү эрчимжүүлэхийг ч үгүйсгэхгүй.
Оюутнуудыг ажиллуулах боломж
Суралцаж байгаа л бол мэргэжилгүй гарна, төгсөнө гэсэн ойлголт байхгүй. Нөгөө дөрөв хоног амраад ороод ирсэн ажилтандаа оюутнуудад туслахыг санал болго. Тэднийг сайн сургах нь эргээд өөрийг нь амралт авах боломжийг бий болгоно гэдгийг ойлгуул.
Нөгөө талаас таны удирдлага дор боловсорч байгаа оюутан төгсөөд танайд л ажилд орохдоо эргэлзэхгүй байх нь. Ингэснээр та мөнхийн эргэх холбоог бий болгож чадна.
Оюутан бид мөнгө олохын төлөө ажил эрж байгаа нь үнэн боловч ихэнхдээ мэргэжлээрээ дадлагажиж, түүгээрээ бага ч атугай мөнгө олохыг эрмэлздэг. Учир нь дуртай мэргэжлээ сонгосон юм чинь дээ.

No comments:

Post a Comment