Tuesday, May 18, 2010

Биед ч, байгальд ч ээлтэй унааг бүгдээрээ сонгоцгооё

Нийслэлд 130 000 гаруй авто машин бүртгэлтэй байдаг. Тэдгээрийн 1000 орчим нь нийтийн тээврийн том оврын автобус болж байгаа юм. 500 гаруй нь бага оврын автобус/микронууд/ байдаг юм байна. Тэгээд үлдсэн нь амины, албаны, төрийн гээд том, жижиг тэрэгнүүд.
Замынхаа ачааллыг даваад гарчихлаа гэсэн дүгнэлтийг эртнээс хийсэн. Гэсэн ч гаднаас орж ирэх машины тоо нэмэгдсээр л байна. Ингэхдээ эдгээр машин нь шинэ машин ч биш 10 хүртэлх жил ашиглагдсан хуучин машинууд байх юм.
Солонгосчууд, япончууд хог хаяхаар торгууль, татвар төлдөг гэсэн. Хуучирсан машинаа хаячихъя гэсэн чинь татварт унах гээд байхаар нь Монгол гэдэг машины “хүслэн” болсон улс руу аччих боломж гарсан гэдэг. Үүнээс харахад монголчууд машин унадаг биш хог хөлөглөдөг болж байгаа юм.
Энэ хогнуудаас нүдэнд харагдах хоёр уршиг бий. Нэгдүгээрт утаа гаргана. Амьсгалах агаарыг гэр хорооллын утаа бузарласаар байхад эдгээр хуучин тэрэгнүүд бас хамжилцана. Дараагийнх нь түгжрэл үүсгэнэ. Арван жил ашиглагдсан эд анги элэгдэлд орж гэмтэх нь хялбар. Тэгээд ачааллаа даахгүй дүнсийх мэт хар замын яг голд нь эвдрээд зогсчихно. Өнөөх том автобуснууд тойрох гээд гацна. Ингээд өдрийн бухимдал өглөөнөөс эхэлнэ дээ.
Өвөлдөө хальтарч, гулгаж түгжирдэг. Ингээд гулсаж, хальтирахгүй зун цаг ирлээ, санаа амарна даа гэтэл арай үгүй юм. Түгжрэл дахиад л эхэлнэ. Тоос шороо бужигнана. Замын хажуугаар ургаастай моднууд булгарч унана, жаахан зүлэг ногоотой хөрс сийчүүлнэ. Зам засвар гээд энд тэнд хагас, хугасаар нь хаачихна. Тэгэхээр бөглөрөл, түгжрэл нэмэгдэж дагаад бухимдал, уурсал дахиад л ундарна биз дээ.
Япон улс бол Азидаа хүн амын тоогоороо /128 сая/ эхний тавд багтдаг. Гэтэл тэр улсын нийслэл Токио хотод унадаг дугуйтай хүн машинтай хүнээс зорьсон газраа 50 минутаар түрүүлж хүрдэг гэсэн баримт байдаг. Тэнд хүний ачааллаас гадна машины ачаалал асар их. Хуралд яарч яваа дарга хэрэв унадаг дугуйгаар явсан бол хуралдаа санаа амар амжих байж дээ. Харин манай Улаанбаатар хотын энэ замын эвдэрхийг тойрч, түгжрэхээс унадаг дугуй 30 минутыг хангалттай хэмнэнэ.



Унадаг дугуйчдыг Төрөөс дэмжмээр юм аа.
Өнөө үед хоёр ба түүнээс дээш ашигтай талыг харахгүй бол сайхан амьдарч чадахгүй нь. Харин унадаг дугуй хоёр ба түүнээс дээш талын ашигтай. Эрүүл мэнд талаасаа таргалалт, хөдөлгөөний дутагдлаас бүрэн сэргийлнэ. Байгаль орчин талаасаа хор хөнөөл учруулах зүйлгүй. Эдийн засаг талаасаа хямдхан бөгөөд төсөрхөн тохижуулан тоноглочихож болно. Нийгмийн оролцооны талаасаа авто замаар ч зорчиж болно, явган замаар явсан ч болно.
Байгаль орчныг хамгаалахад бидний хийж чадах ахуйн шинжтэй энгийн зүйлсийн нэг нь дугуйг сонгон хэрэглэх. Хөдөө талд наадам боллоо гэхэд машинаараа уралдан давхилдаж ногоон талыг шороон тал болгон талхалдаг. Учир нь нэг машин /дунджаар/ дөрвөн том дугуйтай. Харин унадаг дугуй хоёр нарийхан дугуйтай. Тиймээс хөрсөнд онцгой сөрөг нөлөөгүй.
Агаарыг бохирдуулахгүй, ус гатлаад гарлаа гэхэд тос, масло, шатахуун асгаж бохирдуулахгүй. Дугуйны төрөл зүйл олширсон болохоор ууланд явах, хотод явах, хурдан явах, ойр зуурдаа хэрэглэх гээд олон янзаар сонгож болно. Даган ирэх хэрэгсэл, хувцас, тоноглол нь зайлшгүй шаардагдахгүй. Хамгаалалтын малгай нь хямдхан гээд эдийн засгаар ч “холгохгүй”. Дугуйчдыг ер нь дэмжмээр юм аа. Яаж?
Хотын замаар явахад хэд хэдэн бэрхшээл бий. Зориулалтын зам, зурвас байхгүй. Авто зам, явган замаар холилдон сүлжилдэн явна. Авто машинууд дайрчих гээд шахна. Явган хүмүүс нь дайруулчих гээд шахна. Ядаж 50 см өргөнтэй зурвас гаргачих хэрэгтэй байна. Хөдөлгөөний уг дүрмэндээ унадаг дугуйтай хүмүүс хоёроос илүүгүй эгнээгээр, авто замын зорчих хэсгийн баруун талыг барьж явна гэсэн байдаг. Харин үүний дагуу явах юм бол зарим машинд дайруулах болдог.
Унадаг дугуй яагаад хэрэгтэй вэ?
Өвлийн болон хавар, намрын сэрүүн цагаар дугуй унах нь осолтой. Харин урин орсон, зуны дулаан цагт дугуй тун хэрэгтэй. Хөдөлгөөний дутагдал, хэт таргалалт гэдэг өвчин өнөөдөр олон хүн амтай улс оронд асуудал болоод байгаа. Харин унадаг дугуйг өдөртөө хэрэглээд байх юм бол энэ асуудалд санаа зоволтгүй болно.
Хятад улсын нийслэл Бээжин хот манай нийслэл шиг утаан хөшигтэй байсан гэдэг. Харин одоо бол тийм биш. Хятадууд зундаа дугуй сайн хэрэглэдэг ард түмэн гэдгийг мэднэ. Зундаа утаагүй, шороо тоосгүй цэвэр байхын утга учир нь үүнтэй нэгэн сэжмээр холбоотой. Унадаг дугуйтай зорчигчид дүрмээрээ бол жолоогоо тавьж явах хориотой байдаг. Өнөөдөр авто замын захын эгнээг бариад явж байхад тамхины цаас, шоколадны, зайрмагны уут, тамхины иш гээд эрээлжилсэн их хог харагдана. Машины жолоочдын болон тэдний хүүхдүүдийн хийж байгаа ажил. Цонхоороо хог гаргаад шидэх нь тэр хүнд энгийн асуудал. Харин дугуйтай хүн бол жолоогоо сул тавихгүй байх дүрмийн дагуу ийм болтол нь хог хаях боломжгүй.
Зундаа цэвэр цэмцгэр, цэнгэг агаартай байж үзэхээр өвөл нь ч бас тийм байж болохгүй гэж үү гэсэн бодол хятадуудад төрсөн байхыг үгүйсгэхгүй. Харин монголд зундаа ч 130 000 машины утаа, тэдгээрийн дугуйгаар үүсгэгдэх шороо тоос... Нэгэнтээ л бохир нийслэл гэсэн бодол байсаар байна.
Монголчууд дугуйг нэг хэсэг хэрэглэж байсан үе бий. Социализмын журамт, дэгтэй цаг үеэр монголын сэхээтнүүд “Украйн” хэмээх унадаг дугуйгаар хотоо сүлжин, хосоо сундлан, залуучуудын хэрэглээ болгоод байсан. Харин өнөө үед машин унахгүй бол залуу хүнд тооцохгүй болчихсон мэт, унадаг дугуй гэдэг хүүхдийн тоглоом мэтээр сэтгэж, түүндээ бүрэн итгэчихээд дугуйг мартжээ.
Унадаг дугуйн хүсэл, хэрэглээ хэн хэнд байгааг нотлох нэгэн баримт. Сүхбаатарын талбайн голд унадаг дугуй түрээслэгчид гэсэн нэгэн албан бус ажлын байр бий. Өдрийн сүүлээр тэдний хэдэн дугуй ээлж чөлөөгүй ашиглагдана. Эзэндээ ашиг авчирна. Тэдгээр дугуй яагаад өдөр бүр ээлжгүй, амралтгүй унагдсаар байна вэ? Хүмүүс унадаг дугуй унах дуртай, сонирхолтой. Харамсалтай нь нөгөө “машинтангууд”-аас санаа зовж, “хүүхдийн тоглоом”-оос татгалзаж байна.
Үнэндээ байгаль орчинд ээлтэй, морьноос ялгаагүй ашигтай энэ унаа маань спорт болох хүртлээ хөгжчихсөн. Харин тэнгэр язгуурт монголчууд маань л харахгүй өнгөрөх гээд байна.
Унадаг дугуйг ах эгч, аав ээж, анд найзууд хэрэглээгээ болгох хэрэгтэй байна. Хэн байгальдаа хайртай, хэн орчин тойрноо хамгаалахыг хүснэ тэр дугуйг сонгох хэрэгтэй байна. Хийж байгаа ажлаасаа хоцорч, хотыг бүтэн сүлжих эвдэрхий замаас татгалзаж 30 минутаар цаг хэмнэх дугуйгаа унах хэрэгтэй байна. Авто замаар, эсвэл явган хүний замаар унадаг дугуйчдад зөвшөрөөгдсөн 50 см зурвас гаргах хэрэгтэй байна. Монголчууд маань үндэсний үзэл ихтэй болохоор гадаадын дугуйг хэрэглэж гадагшаа урсах хөрөнгийг улсдаа дугуй үйлдвэрлэдэг болгож татах хэрэгтэй байна./Цахилгаанаар ажилладаг машин бүтээгээд байгаа монгол инжернерүүд, “Могул” компьютер бүтээгээд байгаа монголчууд унадаг дугуй бүтээхэд торох зүйлгүй/ Машин хэмээх эдийн засгийн гарлага, залуу хүний илэрхийлэл гэсэн төөрөгдөл, байгалийн уушги-амьсгалыг буртаглагч, машингүй бол болохгүй мэт хийрхлээс зайлсхийх хэрэгтэй байна. Унадаг дугуйг, унадаг дугуйчдыг дэмжих хэрэгтэй байна, бүгдээрээ.

No comments:

Post a Comment