Tuesday, June 8, 2010

"Дэлхийчүүдээ сүйрлийн ирмэг дээрээс буцацгаая!" Блог эзэмшигч

2009 он 8-р сар Мексикийн бага хуралд сонордуулсан Төгс гэгээрсэн их багш Чин Хайн илтгэл



Эрхэмсэг хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, илтгэл тавихаар хүрэлцэн ирэгсэд болон бага хуралд оролцож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Санаа зовниж явдаг дэлхийн иргэн хүнийхээ хувьд би даруухнаар та бүхэнтэй мэндчилж байна. Хүн төрөлхтний хайрт гэр болсон үзэсгэлэнт, сайхан гарагийнхаа сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ нээн, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд би мэхийн ёсолъё. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан дэлхийн дулаарлын тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, Мексикийн Веракруз хотноо энэ бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байгаад би гүнээ талархаж байна. Энэхүү үзэгдлийн уршгаар зуу зуун мянган хүн харамсалтайгаар амиа алдаж, зуу зуун сая хүний амьдралд нөлөөлсөн бөгөөд үүнд амьтдын төрөл зүйлийг оруулаагүй болно.
Энэхүү бага хурлын ачаар хүмүүсийн ухамсар дээшилж, бидний цаг үед улс орнуудын өмнө тулгараад буй хамгийн ноцтой асуудлыг шийдэхэд урам зориг өгнө гэж би найдаж байна. Өнөөдөр энд дамжуулах мэдээлэл, хийгдэж буй эрхэм ажлууд нь туйлын чухал ач холбогдолтой юм. Бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулж байдаг та нар шиг хүмүүстэй нэг гариг дээр хамт амьдарч байгаа нь миний хувьд нэр хүндийн хэрэг билээ. Цаг уурын өөрчлөлт бол сэтгэл түгшээсэн асуудал гэдгийг бид бүхэн мэднэ шүү дээ. Цаг агаарын өөрчлөлт гэж юу болохыг хүн бүр л ойлгож байгаа. Манай гарагийн өнөөгийн эгзэгтэй байдлыг шийдэхэд хүн нэг бүрийн зүгээс яаралтай ухаалаг алхамыг хийх шаардлагатай байна. Өнөөдрийн бага хуралд дурдагдах бүх мэдээллийг анхааралдаа авч түүнийгээ хаа сайгүй түгээж эх дэлхийгээ мөхлөөс аврахыг би та бүхнээс хүсэж байна. Энэ тохиолыг ашиглан би та бүхэнд цаашид юмс яаж хурдацтай өрнөх талаар ерөнхий мэдээллийг хүргэе. Гэхдээ та нарын зарим эсвэл бүр олонхи нь хэдийнээ мэдэж байж ч болох юм.

Хурдацтай өрнөл

Цаг агаарын өөрчлөлтийн үйл явц НҮБ –ын засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийг судлах шинжээчдийн багийн загварчилсан хамгийн муу дүр зургаас ч дор байгаа бөгөөд салхи шуурга, үер, ган гачиг, хэт халах гэх мэт байгалийн ширүүн үзэгдлүүдийн давтамж ихэсч, хор хохирол, сүйрлийг олонтаа учруулсаар байна. Бид хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж чадлаа ч дэлхийн агаар мандалд хуримтлагдсан хийнээс ангижрахад цаг хугацаа шаардагдана. Тиймээс л бид богино хугацаанд саринадаг хийнүүд буюу голчилбол метан хийд анхаарлаа хандуулах шаардлагатай. 20 жилээр тооцож үзэхэд Метан хий дулааруулах нөлөөгөөрөө нүүрс хүчлийн хийнээс 72 дахин их. Метаны хамгийн том эх үүсвэр бол мал аж ахуй бөгөөд дэлхийн дулаарлын гол шалтгаануудын нэг болж байгаа учраас үүнийг заавал зогсоох хэрэгтэй. Гэхдээ юун түрүүнд цаг уурын өрчлөлт хүн болоод амьтны амь амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа талаар сүүлийн үеийн баримтаас та бүхэнтэй хуваалцахыг зөвшөөрнө үү?

Эхнийх нь хайлж буй умард туйл

Арктик буюу умард туйлын мөс 2012 он гэхэд, өөрөөр хэлбэл ЗХУАӨС тоцоолсноос 70 жилийн өмнө хайлж дуусах магадлалтай байна. Нарны туяаны дулааныг ойлгох хамгаалалтын мөсөн бүрхүүлгүй болчихвол нарны дулааны 90 хувь нь далайд шууд шингэж улмаар дэлхийн дулаарлын явцыг улам түргэтгэх болно. Умард туйлын мөсөн бүрхүүлд гарч буй өөрчлөлт нь маш их бөгөөд цаг агаар судлаачдын хэлж байгаагаас үзвэл одоо нийт мөсөн бүрхүүлийн 10 хувь нь хуучин зузаанаас, харин үлдсэн 90 гаруй хувь нь шинээр бүрэлдсэн нимгэн мөснөөс бүрдэж байгааг тогтоожээ. Бас нэг өөрчлөлт бол ердийн үед метан хийг хадгалж байдаг мөнх цэвдэгшилтэй газрууд хайлж буй явдал болно. Ойрын жилүүдэд мөнх цэвдгийн давхарга хайлснаас метан хий агаар мандалд тархаж 2004 оноос хойш агаар мандал дахь метан хийн агууламжийг огцом нэмэгдүүлсэн. Дулаарах үйл явц цаашид үргэлжилж, дэлхийн дулаан хоёр хэмээр нэмэгдвэл олон тэрбум тонн метан хий агаар мандалд дэгдэн гарч энэ гариг дээрх үй олон амьтдыг мөхөөх болно. Грийнлэнд болон хойд туйлын аварга том мөсөн бүрхүүлүүд үргэлжлэн хайлсаар байвал үүнийг дагалдаад далайн түвшин урьд хойчид байгаагүйгээр нэмэгдэж, хүчирхэг салхи шуурга дэгдэх болно. Баруун Антарктикийн мөс бүхэлдээ хайлсан тохиолдолд далайн усны түвшин дунджаар 3,3-3,5 метрээр нэмэгдэж далайн эргээс 320 км радиус дотор сууршисан 3,2 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын тал хувийг гамшигт нэрвэгдүүлэх юм. АНУ–ын Цас Мөсний мэдээллийн Үндэсний Төвийн эрдэмтдийн хэлж буйгаас үзвэл хэрвээ Антаркикийн мөс бүхэлдээ хайлвал далайн түвшин тооцоолж байснаас хамаагүй илүүгээр нэмэгдэх аж. 70 метр хүртэл нэмэгдэх боломжтой гэж зарим эрдэмтэд үзэж байгаа нь дэлхийн бүх амьд оршнолд үхлийн аюултай гэсэн үг.


Дараагийн асуудал бол далайн усанд живж буй газрууд болон цаг уурын дүрвэгсэд

Яг одоогийн байдлаар дэлхийд 18 арал далайд бүрэн живээд байгаа бөгөөд өөр 40 гаруй арлын улс оронд нэмэгдсээр буй далайн усанд живэх аюул нүүрлэж байна. Шилжилт, нүүдэл хариуцсан олон улсын байгууллагаас гаргасан мэдэгдэлд 2050 он гэхэд цаг уурын дүрвэгсдийн тоо 200 саяд, эсвэл бүр нэг тэрбумд хүрч магадгүй гэжээ. Энэ бүхэн биднийг амьд байхад тохиолдож болзошгүй байна. Эдгээр хүмүүс бол нэмэгдэж буй далайн уснаас зугтан арал, далайн эрэг дахь гэр орноо орхин дүрвэхэд хүрсэн хүмүүс бөгөөд хайлсан мөнх цэвдэг бүхэл бүтэн нийгэм, улс орныг живүүлэн, сүйрүүлж байна.

Гуравдугаар асуудал бол хайлж ширгэж буй мөсөн голууд ба усны хомсдол

Манай гариг дээрх мөсөн голуудын олонхи нь хэдэн арван жилийн дотор ширгэж үгүй болох агаад хоёр тэрбум орчим хүний амь амьдралд аюул учрах болно. Эдгээр хүмүүсээс нэг тэрбум орчим нь Гималайн мөсөн голууд татарч ширгэхээс үүдэх хор уршгийг шууд амсах юм. Гималайн мөсөн голууд өөр хаана ч байхгүй хурдацтайгаар хайлж ширгэж байгаа бөгөөд тус сав нутгийн 18 000 гаруй мөсөн голын 2/3 нь ширгэн хумигдаж байна. Мөсөн голууд хайлснаас үүдэх эхний үр дагавар бол хүчтэй үер, хөрсний нуралт зэрэг юм. Мөсөн голууд хайлж ширгэх явц үргэлжлэхийн хирээр хур тунадасны хэмжээ багасаж, ган гачиг тохиож, усны хомсдол бий болно.

Далайн үхмэл бүсүүдийн асуудал

Цаг уурын өөрчлөлт нь далайд үхмэл бүс гэгдэх газруудыг бий болгож байна. Тэдгээр газрын тоо одоо 400 гаруй болжээ. Үүний шалтгаан бол голчлон мал аж ахуйд ашигладаг бордоо далайн усанд орсноос болж хүчилтөрөгчөөр дутмаг орчин үүсдэг бөгөөд хүчилтөрөгч бол амьдралыг тэтгэгч гэдгийг хүн бүр мэдэх бизээ.

Хэт халалт бол бидэнд тулгараад буй бас нэг асуудал

Сүүлийн 10 жилийн дотор манай гаригын түүхэнд урьд өмнө болж байгаагүй халуун жил хоёр ч удаа тохиожээ. 2003 онд түүхэнд байгаагүй халууны давалгаа Европыг дайрч хэдэн арван мянган хүний амийг авч одсон шүү дээ. Австралийн түүхэн дэх хамгийн том ойн түймэр ч бас хэт халснаас болж гарсан.

Салхи Шуурганы давтамж нэмэгдлээ

Хар шуурга, халуун орны хуй салхины хүч, үргэлжлэх хугацаа өнгөрсөн 30 жилийн дотор 100 хувь ихэссэн бөгөөд АНУ-ын Массачусетсийн Техник Технологийн Хүрээлэнгийн эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь цаг уурын өөрчлөлттэй уялдан далайн дулаан нэмэгдсэнтэй холбоотой аж.

Амьтдын төрөл зүйл устах үзэгдэл

Амьтдын тоо толгой хорогдож, төрөл зүйлүүд устах явц асар хурдацтай байгааг нэрт экологичид өөр юутай ч зүйрлүүлж хэлэх аргагүй хэмээжээ. Эрдэмтдийн хийсэн одоогийн тооцоогоор 16 000 гаруй ховордсон төрөл зүйл амьтан өмнө бодож байснаас 100 дахин хурдан устаж үгүй болох магадлалтай байна.

Хуурайшил ба цөлжилт

Непал болон Австралид энэ жил дэгдсэн ойн түймэр тархахад гантай байдал ихээр нөлөө үзүүлсэн аж. Үүнд Африкийн хэдэн орныг дурдвал Сомали, Этопиа, Судан зэрэг улсын ард иргэд ган гачигт хүнд нэрвэгдлээ. НҮБ–ын хийсэн судалгаанаас үзэхэд ой модыг их хэмжээгээр огтлох, мал бэлчээх зэрэг хүний буруутай үйл ажиллагаа нь цөлжилтийн гол шалтгаан болдог бөгөөд 100 гаруй орны 1,2 тэрбум гаруй ард иргэдийн амьдралыг эрсдэлд оруулж байна. Дэлхийн томоохон хотууд болох Бээжин, Дели, Бангкок болон АНУ-ын Дундад Өрнөд гэх мэт өөр хэдэн арван газрын доорх цэвэр усны ундарга болон эх булаг хатаж ширгэж байна. Мөн түүнчлэн Ганга, Иордан, Нил, Ян-Цзы зэрэг томоохон гол мөрний усны түвшин жилийн ихэнх үед доогуур байдаг боллоо. Хятадад 50 жилд тохиолдож байгаагүй ган гачиг нүүрлэж багаар бодоход хойд бүсийн 12 муж амин чухал ургацаа алдсан бөгөөд хохирсон тариаланчдад туслахад зориулж улсаас олон тэрбум ам.долларыг зарцуулжээ.

Хүний эрүүл мэндийн асуудал

Швейцарьт хийсэн судалгаагаар цаг уурын өөрчлөлтөөс болж жилд 315,000 хүн амиа алдаж, 325 сая хүн түүнээс үүдсэн хор уршгаас болж зовж шаналж байна. Үүнээс гадна жил бүр 125 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол хүлээж байна. Энэ бүхэн Африк дахь хөгжиж буй орнуудад хамгийн хүндээр тусч байгаа бөгөөд Хойд Азийн болон арлын жижиг орнууд ч бас хохирол амсаж байна.

Шийдэл буюу гарах гарц

Асуудал бэрхшээл бидэнд хангалттай их байгаа ч тэдгээрийг шийдэх арга нь ч бас бий. Цаг бага ч гэлээ бас хэтэрхий оройтчихоогүй байна. Бидний орон гэр болсон эх гаригаа аврах боломж байна. Эхний бөгөөд шилдэг шийдэл бол Веган буюу органик веган хоолтон болох явдал. Веган хоол манай гаригийг аварна. Веган хоол яаж манай дэлхийг аврах вэ гэдгийг би нэг бүрчлэн та нарт хэлж өгье. Азаар бидний хийж чадах хялбархан зүйлүүд бий. Та бүхэнд зориулж би цөмийг нь тоочъё.

Умард туйлын мөс хайлах, хуурай газар далайд живэх, мөсөн голууд хайлж ширгэснээс үүссэн цэвэр усны хомсдол, салхи шуурга ихсэх зэрэг цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн үзэгдлүүд дэлхий бүхэлдээ дулаарч байгаатай шууд холбоотой. Тиймээс юун түрүүнд бид дэлхийгээ хөргөх хэрэгтэй. Дэлхийн дулаарлыг зогсоох хамгийн үр дүнтэй арга бол дулааныг бий болгодог хүлэмжийн хийнүүдийн ялгаруулалтыг зогсоох явдал билээ. Логик ухаанд нийцэж байгаа биз дээ? Хүлэмжийн хийг бууруулахаар үйлдвэр, тээврийн хэрэгсэл, аж үйлдвэрийн салбарт хийгдэж буй ажлуудыг бид бүгд мэднэ. Гэвч эдгээр салбарт өөрчлөлт хийхэд урт удаан хугацаа шаардах бөгөөд одоо үед бидэнд ингэх цаг байхгүй шүү дээ. Агаар мандлын дулааныг бууруулах хамгийн үр дүнтэй бөгөөд хурдан арга бол метан хий ялгаруулахыг зогсоох. Метан хий нь дулааруулах нөлөөгөөр нүүрс хүчлийн хийнээс 72 дахин илүү байдаг ч нүүрс хүчлийн хийтэй харьцуулбал агаар мандалд саатах хугацаа нь хамаагүй богино байдаг. Иймээс бид метан хий үйлдвэрлэхээ зогсоовол агаар мандлын дулааныг богино хугацаанд бууруулах бөгөөд нүүрсхүчлийн хийг дараа нь шийдэх боломж олдоно. Миний санааг ойлгож байгаа биз дээ? Органик веган хоолтон болсноор метан болон бусад хортой хүлэмжийн хийг багасгаж, бидэнд ашигтай хөргөх нөлөөг бий болгох болно.

1) Метан хийн үндэс суурийг таслах

Бид дэлхий дээрх метан хийн хамгийн том эх үүсвэрийг буюу мал аж ахуйг хязгаарлахаас эхэлж болно шүү дээ. Дэлхийг хурдан хөргөе гэвэл бид мах хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ингэж чадвал бид мал аж ахуйг зогсоож улмаар хүлэмжийн хий болох метан, мал аж ахуйгаас үүсдэг бусад хорт хийн эх үүсвэрийг хааж чадах юм. Хэрвээ дэлхий дээрх хүн бүр амьтны амь таслаагүй хүнс хэрэглэж, хялбар хирнээ хамгийн үр нөлөөтэй энэ аргыг хэрэгжүүлж чадвал бид дэлхийн дулаарлын үйл явцыг хоромхон зуур эргүүлэх боломжтой. Ингэж чадвал бидэнд байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи нэвтрүүлэх гэх мэт урт хугацааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх цаг гарах бөгөөд агаар мандал дахь нүүрс хүчлийн хийг арилгаж чадна.

Үнэнийг хэлэхэд бид махны үйлдвэрлэлийг зогсоож чадахгүй л бол “ногоон” бүх хичээл зүтгэл хүчингүй болж, салхи, нарны эрчим хүч, гибрид машин гэх мэт ямар нэгэн ногоон технологийг нэвтрүүлэх боломж олдохоос ч өмнө бид гарагаа алдаж магадгүй. Хэдийгээр мал аж ахуйн салбар дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралтын 18 хувь буюу тээврийн бүх хэрэгслийг нийлүүлсэнээс ихийг эзэлдэг гэж тайланд дурьдсан байдаг ч үнэндээ энэ нь дутуу тооцсон хэрэг. Учир нь саяхан хийсэн шинэ тооцоогоор мал аж ахуйн салбар магадгүй 50 гаруй хувийг эзэлдэг гэснийг бодолцож үзээрэй. Би давтаж хэлье: Шинэчлэгдсэн дүнгээр мал аж ахуйн салбар дэлхийн нийт хүлэмжийн хийн 50 аас ч илүү хувийг эзэлж байх боломжтой. 50 гаруй хувийг мал аж ахуй эзэлж байна. Энэ бол эхний шийдэл байлаа. Одоо хоёр дугаар шийдэл

2) Бусад төрлийн хийнүүдээс ангижрах

Метанаас гадна бусад аминд аюултай хорт хийг мал аж ахуйн салбар бий болгож байдаг. Мал аж ахуй бол дэлхийн Азотын хүчлийн 65 хувийг ялгаруулдаг томоохон эх үүсвэр бөгөөд Азотын хүчил нь дулааруулагч нөлөөгөөр CO2–оос 300 дахин илүү. Мөн түүнчлэн хүчиллэг борооны шалтгаан болсон Шүвтэрийн хийн 64 хувь болон үхлийн аюултай Хүхэрт ус төрөгч зэрэг нь мал аж ахуйгаас үүсдэг. Тиймээс мал аж ахуйг зогсооно гэдэг нь эдгээр бүх хорт хий болон метан хийг зогсооно гэсэн үг.

3) Үхмэл бүс үүсэхээс сэргийлэх

Мал аж ахуйг зогсоосноор гарах өөр олон том ашиг бий. Жишээлбэл газар тариалангийн салбарт малын тэжээл ургуулахад ашигладаг химийн бордоо нь далайн усанд нэвтэрч үхмэл бүс үүсэх гол шалтгаан болдог. Үхмэл бүсүүд нь далайн экосистемд ноцтой аюул учруулж байна. Гэхдээ хүмүүс мал аж ахуйтай холбоотой үйл ажиллагаагаар далайг бохирдуулахаа зогсоовол тэдгээр бүсүүдэд амьдрал сэргэж, нөхөн төлжих боломжтой. Далайн амьдралыг сэргээе гэвэл загас агнуурыг ч бас зогсоох шаардлагатай. Эрчимжсэн загас агнуурын уршигаар Намибийн эргээр нутагладаг мөрөг загас устаж үгүй болсноос хойш хорт хийнүүд оргилж эхэлсэн бөгөөд үхмэл бүсийг үүсгэж тус бүс нутгийн экосистемийг мөхөөж байна. Хэнд ч үл анзаарагдам хирнээ, байгаль экологид амин чухал үүрэг гүйцэтгэдэг ганц төрөл зүйл устахад л ийм зүйл тохиолдож байна. Бодоод үз дээ, ердөө л мөрөг загас шүү дээ. Тиймээс бидний амьдралыг тэтгэгч далай, гол мөрнөө хамгаалъя гэвэл загасчилахаа зогсоож, амьтны гаралтай бүх бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Та нар мэдэж л байгаа шүү дээ.

4) Цөлжилтийг зогсоох

Бид үүнийг хийж чадна. Цөлжилт бол мал аж ахуйтай холбоотойгоор үүссэн уур амьсгалын өөрчлөлтийн бас нэгэн хэлбэр юм. Жишээлбэл, Мексикт саяхан хийсэн судалгаагаар мал аж ахуйн салбарын учруулсан хор уршгаас болж тус орны нутаг дэвсгэрийн 47 хувь нь цөлжилтөнд өртчихсөн байгааг, цөл болж хувирч байгааг тогтоосон байна. Үүгээр зогсолгүй Мексикийн нутаг дэвсгэрийн 50-70 хувьд их бага хэмжээгээр хуурайшилтай байна. Дэлхийн нийт гадаргын 1/3-тэй тэнцэхүйц хэмжээний газар нутагт мал бэлчдэг. Энэ нь цөлжилт болон бусад төрлийн хортой үр дагавруудын гол шалтгаан болохын зэрэгцээ хөрсний элэгдлийн 50 хувийг бий болгож байна. Өөрсдийн амь амьдрал болоод хөрс шороогоо хамгаалъя гэвэл бид мал бэлчээхээ заавал зогсоох хэрэгтэй.

5) Усны хомсдлыг эцэс болгох

Бид усны хомсдолыг зогсоож чадна. Цэвэр усны гачигдлаас болж олон мянган хүн зовж шаналж байхад бид усанд яавч үрэлгэн хандаж болохгүй. Махны үйлдвэрлэл асар их хэмжээний усыг ашигладаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Нэг таваг мах үйлдвэрлэхэд 1 200 галлон /Нэг галлон = 4,5 орчим литр/ сайн чанарын, цэвэр унды ус зарцуулдаг бол нэг таваг дүүрэн веган хоол үйлдвэрлэхэд ердөө л 98 галлон усыг зарцуулна. Энэ нь 90 гаруй хувийн хэмнэлттэй гэсэн үг. Тиймээс бид усны хомсдлыг арилгаж, чандмань эрдэнэ болсон цэвэр усаа хэмнэе гэвэл амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзах ёстой.

6) Ой мод сүйтгэхийг хориглох

Бид ой модыг хяргах ажиллагааг хориглох шаардлагатай. Мэдээж бас мод тарих хэрэгтэй. Хөрс элэгдсэн эсвэл цулгуй газар бүрт бид мод суулгах хэрэгтэй. Ой модыг сүйтгэхэд махны үйлдвэрлэл ихээхэн нөлөө үзүүлдэг. НҮБ-ын хийсэн судалгаагаар хүлэмжийн хийн 20% орчим нь ой модыг сүйтгэх үйл явцад үүсдэг болохыг тогтоосон бөгөөд ой модыг сүйтгэх шалтгаан бүр махны үйлдвэрлэлтэй шууд холбогддог байна. Амазонк мөрний сав газар дахь огтолсон ойн талбайн 80 хувийг махны чиглэлийн мал бэлчээх зорилгоор ашигладаг бөгөөд тэдгээр малыг нядална гэсэн үг юм. Харин үлдсэн талбайд шар буурцаг тарьдаг ч ургацын ихэнх хэсгийг малын тэжээл болгож ашигладаг аж. Иймээс бид амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзснаар дэлхийн уушиг, хүний амьдралыг тэтгэгч гол хүчин зүйл болсон ой модоо хамгаалж чадах юм.

7) Эдийн засгийн өртөг зардлыг багасгах

Дэлхийн удирдагч нар цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд шаардагдах хөрөнгө мөнгөний асуудалд санаа зовж байна. Сайн мэдээ нь гэвэл хэрвээ хүн төрөлхтөн амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж эдийн засагт хэмнэлттэй, махгүй хоол хүнсийг сонговол цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд шаардагдах хөрөнгийг тал хувиар буюу түүнээс ч ихээр багасгах боломжтой юм. Энэ нь бид хэдэн арван триллион ам.долларыг хэмнэнэ гэсэн үг шүү дээ. Хэрвээ хүмүүс веган хоолтон болвол гарах зардлыг 80 илүү хувиар бууруулах буюу 32 триллион ам.долларыг хэмнэж чадах юм.

8) Эрүүл мэндийн өртөг зардлыг хамгийн доод хэмжээнд хүртэл бууруулах

Мах идсэнээс болж эрүүл мэндэд учрах эрсдлүүдийн талаарх мэдээлэл өнөө үед улам илэрхий ойлгомжтой болж байна. Мал амьтдад даавар болон антибиотикийг хэт их хэмжээ, тунгаар байнга хэрэглэдэг бөгөөд тэдгээр мал амьтдын махыг хэрэглэх үед эдгээр бодисууд нь хүний биед нэвтэрч эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Үүнээс гадна мал нядалгааны газар шүвтэр, хүхэрт устөрөгч гэх мэт хортой дайвар бүтээгдэхүүн үүсдэг байна. Эдгээр нэгдлүүд нь туйлын хортой учраас үйлдвэрийн ажилчид хордож нас барах тохиолдол олонтаа гардаг. Бидний хоол гэж нэрлээд байгаа мах нь хүмүүсийн хэрэглэж байгаа хүнснээс хамгийн эрүүл бус, хортой, эрүүл ахуйд нийцэхгүй бүтээгдэхүүн билээ. Өөрийн амь амьдрал, эрүүл мэндээ хайрлаж, нандигнадаг бол бид махыг хэзээ ч хэрэглэх ёсгүй. Махгүйгээр бид илүү урт наслаж, эрүүл энх, ухаалаг сэргэлэн амьдрах болно. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээр мах нь олон төрлийн хавдар болон зүрх судасны өвчин, даралт өндөрсөх, цус харвалт, хэт таргалалт гэх мэт өвчний шалтгаан болохыг харуулсан. Өвчний жагсаалтыг тоочиж барахгүй. Дээрх өвчнүүд жил болгон олон сая хүний амийг авч одож байна. Сая сая хүн мах болон түүний хэрэглээтэй холбоотой өвчнөөр амь насаа алдаж, сая сая хүн хүндээр өвчилж, эрэмдэг, тахир дутуу болж байна. Мах идсэнээс үүссэн эмгэнэл гашуудалд эцэс төгсгөл гэж алга. Мах идэх нь яав ч байж болохгүй зүйл. Шинжлэх болон анагаах ухааны энэ бүх баримт мэдээ байхад бид өдийд үүнийг мэдэж байх ёстой шүү дээ. Ядаж эрүүл мэндээ бодоод махнаас татгалзахыг би та бүхнээс гуйж байна. Та үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө урт удаан, эрүүл энх амьдрахыг хүсч байгаа биз дээ. Алах хүртлээ амьтдыг хорьдог бохир заваан, давчуу орчны тухай бид энд дурьдсангүй. Ийм орчин нь гахайн ханиад гэх мэт өвчний вирус хөгжиж тархахад нөлөөлдөг байна. Баримт мэдээнээс үзэхэд үхрийн галзуу гэх мэт махаар дамжиж хүнд халдварладаг зарим өвчний хүн дэх хэлбэр нь эдгэршгүй бөгөөд, халдварласан тохиолдол бүр үхэлд хүргэдэг байна. Уг өвчний вирусаар халдварлагдсан хэн ч үхэх тавилантай байдаг нь эмгэнэлтэй. Савханцар, гэдэсний хурц халдвар гэх мэт бусад вирус нь мөн л хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, эд эрхтэнийг урт хугацаагаар гэмтээн, зарим тохиолдолд үхэлд хүргэдэг.
Товчхондоо бид зүгээр л маханд үгүй гэж хэлж чадвал бидний амьдрал элбэг хангалуун болж, эрүүлжихийн зэрэгцээ хамгийн чухал нь ухаан саруул мэргэн, агуу нэгэн болгоно. Учир нь энэ бол цагтаа амжиж үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүй, амь амьдралыг баталгаажуулах цорын ганц арга зам юм.

Төгсгөл

Эрхэмсэг хүндэт, ухаалаг мэргэн, хайрт, хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо цаг уурын дулаарлыг ногооноос ногоон арга хэмжээ, бодлогын тусламжтайгаар зогсоох нь ямар их чухал болохыг бид харлаа. Хамгийн энэрэнгүй, баатарлаг, амьдралыг аврах хамгийн дээд арга бол веган, бүр тодруулбал органик веган хоолтон болох явдал юм. Энэ нь таны эрүүл мэндэд ч бас тустай. Энэ бол цаг уурын өөрчлөлтөөс таныг хамгаалах хамгийн урт хугацааны даатгал юм. Бид өөрсдөө шийдэл нь болж, бидэнд байгаа шинжлэх ухаан, эрүүл мэнд , ёс суртахууны үнэмшилтэй мэдээ баримт бүгдийг ашиглан бусдыг ятгаж зоригжуулах хэрэггтэй. Ургамлан хоолтой болсноор бид дэлхийн дулаарлын 80%-аар зогсоож, өлсгөлөн, дайн дажинг эцэслэж, энх тайвны суурийг тавих болно. Мөн түүнчлэн хүн төрөлхтөн болон гарагийн амьдралыг тэтгэж байдаг ус болон бусад үнэт нөөц баялагийг хадгалж чадна. Цөөн үгээр хэлбэл энэ нь бидэнд нүүрлээд байгаа дэлхий дээрх олон асуудлыг маш хурдан шийднэ гэсэн үг. Тиймээс бид амьдралынхаа хэв загварыг өөрчлөх шаардлагатай. Үүнийг хийхэд их амархан. Өөрийн биеэр бусдад сайн үлгэр дуурайл үзүүлж, цаг уурын өөрчлөлтийн тулгамдсан асуудал, түүнээс гарах гарцыг олон нийтэд ухуулан таниулах үйлсэд хувь нэмрээ оруул. Хосгүй сайхан энэ гарагаа хадгалж үлдэх хамгийн шилдэг арга бол веган хоолтон болох явдал. Одоо хөдлөх цаг нь иржээ. Учир нь бидэнд хугацаа бага үлдсэн байна. Та бүхэн өнөөдөр энд хүрэлцэн ирсэн нь дээр дурдагдсан асуудал үнэхээр тулгамдсан, даруй шийдэхийг шаардаж байгаа гэдгийг мэдсэнийг харуулж байна. Өнөөдөр цаг гарган сэтгэлээсээ энд хүрэлцэн ирсэн төр засгийн түшмэд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, илтгэгч, бага хуралд оролцсон хүмүүс, ноёд хатагтай та бүхэнд миний зүгээс талархлаа илэрхийлье. Энэхүү ухаарал хайрласан арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон буянтай хүмүүст бүгдэд нь би талархаж байна. Нэг ижил зорилгод нэгдэж, олон нийтэд мэдээлэл хүргэхийг санаачлан, тууштай ажлуудыг авч хэрэгжүүлэхийг зорьж буй та бүхний чин сэтгэл, туслах гэсэн эрмэлзлийг би үнэхээр биширч байна.

Хайр, энэрлийн агуу хуулиар, бурханы тааллаар амьдарч, Хүмүүний буянтай, зөв амьдралын хэм хэмжүүрийн үлгэр жишээ нь болсон хүчирхийллээс ангид, өршөөл нигүүлслийн зарчмаар хүн, амьтан ургамалтай амар амгалан, баяр хөөр, эв зохилоор зэрэгцэн орших, тогтвортой амьдралаар амьдрах Шинэ Алтан Эрин үеийг бид хамтдаа цогцлоож чадна.

Энэхүү бага хурал дэлхий дахины, улс орнуудын гараг дэлхийгээ аврах үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулна гэдэгт би бат итгэлтэй байна. Энэ хурлыг бодитой болгоход хүчин зүтгэсэн бүх хүмүүст би чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Та нар болон та нарын ойр дотны хүмүүс, танай орныг Бурхан ивээг. Та бүхний агуу үйл хэрэг бүхэн гялалзсан амжилт олох болтугай. Би замд яваа болохоор та бүхний асуултанд хариулах боломжгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ дараа Их Багшийн Телевизээр та бүхний асуултанд мэдэх чадахаараа хариулахдаа би баяртай байх болно. Эсвэл та интернетээр www.suprememastertv.com гэсэн хаягаар орж асуултынхаа хариуг авах боломжтой. Бурхан бид бүхнийг ивээг. Бурхан бид бүгдийг хайрладаг. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлаллаа. Гараг дэлхийнхээ төлөө та нарын хийсэн бүхэнд би талархаж байна.

/Блог эзэмшигчээс: Эх сурвалжаас авсан нийтлэлийг үг үсгийн хувьд засварласан болно/
Эх сурвалж: www.sergegsuns.blogspot.com

No comments:

Post a Comment