Tuesday, May 18, 2010

Биед ч, байгальд ч ээлтэй унааг бүгдээрээ сонгоцгооё

Нийслэлд 130 000 гаруй авто машин бүртгэлтэй байдаг. Тэдгээрийн 1000 орчим нь нийтийн тээврийн том оврын автобус болж байгаа юм. 500 гаруй нь бага оврын автобус/микронууд/ байдаг юм байна. Тэгээд үлдсэн нь амины, албаны, төрийн гээд том, жижиг тэрэгнүүд.
Замынхаа ачааллыг даваад гарчихлаа гэсэн дүгнэлтийг эртнээс хийсэн. Гэсэн ч гаднаас орж ирэх машины тоо нэмэгдсээр л байна. Ингэхдээ эдгээр машин нь шинэ машин ч биш 10 хүртэлх жил ашиглагдсан хуучин машинууд байх юм.
Солонгосчууд, япончууд хог хаяхаар торгууль, татвар төлдөг гэсэн. Хуучирсан машинаа хаячихъя гэсэн чинь татварт унах гээд байхаар нь Монгол гэдэг машины “хүслэн” болсон улс руу аччих боломж гарсан гэдэг. Үүнээс харахад монголчууд машин унадаг биш хог хөлөглөдөг болж байгаа юм.
Энэ хогнуудаас нүдэнд харагдах хоёр уршиг бий. Нэгдүгээрт утаа гаргана. Амьсгалах агаарыг гэр хорооллын утаа бузарласаар байхад эдгээр хуучин тэрэгнүүд бас хамжилцана. Дараагийнх нь түгжрэл үүсгэнэ. Арван жил ашиглагдсан эд анги элэгдэлд орж гэмтэх нь хялбар. Тэгээд ачааллаа даахгүй дүнсийх мэт хар замын яг голд нь эвдрээд зогсчихно. Өнөөх том автобуснууд тойрох гээд гацна. Ингээд өдрийн бухимдал өглөөнөөс эхэлнэ дээ.
Өвөлдөө хальтарч, гулгаж түгжирдэг. Ингээд гулсаж, хальтирахгүй зун цаг ирлээ, санаа амарна даа гэтэл арай үгүй юм. Түгжрэл дахиад л эхэлнэ. Тоос шороо бужигнана. Замын хажуугаар ургаастай моднууд булгарч унана, жаахан зүлэг ногоотой хөрс сийчүүлнэ. Зам засвар гээд энд тэнд хагас, хугасаар нь хаачихна. Тэгэхээр бөглөрөл, түгжрэл нэмэгдэж дагаад бухимдал, уурсал дахиад л ундарна биз дээ.
Япон улс бол Азидаа хүн амын тоогоороо /128 сая/ эхний тавд багтдаг. Гэтэл тэр улсын нийслэл Токио хотод унадаг дугуйтай хүн машинтай хүнээс зорьсон газраа 50 минутаар түрүүлж хүрдэг гэсэн баримт байдаг. Тэнд хүний ачааллаас гадна машины ачаалал асар их. Хуралд яарч яваа дарга хэрэв унадаг дугуйгаар явсан бол хуралдаа санаа амар амжих байж дээ. Харин манай Улаанбаатар хотын энэ замын эвдэрхийг тойрч, түгжрэхээс унадаг дугуй 30 минутыг хангалттай хэмнэнэ.



Унадаг дугуйчдыг Төрөөс дэмжмээр юм аа.
Өнөө үед хоёр ба түүнээс дээш ашигтай талыг харахгүй бол сайхан амьдарч чадахгүй нь. Харин унадаг дугуй хоёр ба түүнээс дээш талын ашигтай. Эрүүл мэнд талаасаа таргалалт, хөдөлгөөний дутагдлаас бүрэн сэргийлнэ. Байгаль орчин талаасаа хор хөнөөл учруулах зүйлгүй. Эдийн засаг талаасаа хямдхан бөгөөд төсөрхөн тохижуулан тоноглочихож болно. Нийгмийн оролцооны талаасаа авто замаар ч зорчиж болно, явган замаар явсан ч болно.
Байгаль орчныг хамгаалахад бидний хийж чадах ахуйн шинжтэй энгийн зүйлсийн нэг нь дугуйг сонгон хэрэглэх. Хөдөө талд наадам боллоо гэхэд машинаараа уралдан давхилдаж ногоон талыг шороон тал болгон талхалдаг. Учир нь нэг машин /дунджаар/ дөрвөн том дугуйтай. Харин унадаг дугуй хоёр нарийхан дугуйтай. Тиймээс хөрсөнд онцгой сөрөг нөлөөгүй.
Агаарыг бохирдуулахгүй, ус гатлаад гарлаа гэхэд тос, масло, шатахуун асгаж бохирдуулахгүй. Дугуйны төрөл зүйл олширсон болохоор ууланд явах, хотод явах, хурдан явах, ойр зуурдаа хэрэглэх гээд олон янзаар сонгож болно. Даган ирэх хэрэгсэл, хувцас, тоноглол нь зайлшгүй шаардагдахгүй. Хамгаалалтын малгай нь хямдхан гээд эдийн засгаар ч “холгохгүй”. Дугуйчдыг ер нь дэмжмээр юм аа. Яаж?
Хотын замаар явахад хэд хэдэн бэрхшээл бий. Зориулалтын зам, зурвас байхгүй. Авто зам, явган замаар холилдон сүлжилдэн явна. Авто машинууд дайрчих гээд шахна. Явган хүмүүс нь дайруулчих гээд шахна. Ядаж 50 см өргөнтэй зурвас гаргачих хэрэгтэй байна. Хөдөлгөөний уг дүрмэндээ унадаг дугуйтай хүмүүс хоёроос илүүгүй эгнээгээр, авто замын зорчих хэсгийн баруун талыг барьж явна гэсэн байдаг. Харин үүний дагуу явах юм бол зарим машинд дайруулах болдог.
Унадаг дугуй яагаад хэрэгтэй вэ?
Өвлийн болон хавар, намрын сэрүүн цагаар дугуй унах нь осолтой. Харин урин орсон, зуны дулаан цагт дугуй тун хэрэгтэй. Хөдөлгөөний дутагдал, хэт таргалалт гэдэг өвчин өнөөдөр олон хүн амтай улс оронд асуудал болоод байгаа. Харин унадаг дугуйг өдөртөө хэрэглээд байх юм бол энэ асуудалд санаа зоволтгүй болно.
Хятад улсын нийслэл Бээжин хот манай нийслэл шиг утаан хөшигтэй байсан гэдэг. Харин одоо бол тийм биш. Хятадууд зундаа дугуй сайн хэрэглэдэг ард түмэн гэдгийг мэднэ. Зундаа утаагүй, шороо тоосгүй цэвэр байхын утга учир нь үүнтэй нэгэн сэжмээр холбоотой. Унадаг дугуйтай зорчигчид дүрмээрээ бол жолоогоо тавьж явах хориотой байдаг. Өнөөдөр авто замын захын эгнээг бариад явж байхад тамхины цаас, шоколадны, зайрмагны уут, тамхины иш гээд эрээлжилсэн их хог харагдана. Машины жолоочдын болон тэдний хүүхдүүдийн хийж байгаа ажил. Цонхоороо хог гаргаад шидэх нь тэр хүнд энгийн асуудал. Харин дугуйтай хүн бол жолоогоо сул тавихгүй байх дүрмийн дагуу ийм болтол нь хог хаях боломжгүй.
Зундаа цэвэр цэмцгэр, цэнгэг агаартай байж үзэхээр өвөл нь ч бас тийм байж болохгүй гэж үү гэсэн бодол хятадуудад төрсөн байхыг үгүйсгэхгүй. Харин монголд зундаа ч 130 000 машины утаа, тэдгээрийн дугуйгаар үүсгэгдэх шороо тоос... Нэгэнтээ л бохир нийслэл гэсэн бодол байсаар байна.
Монголчууд дугуйг нэг хэсэг хэрэглэж байсан үе бий. Социализмын журамт, дэгтэй цаг үеэр монголын сэхээтнүүд “Украйн” хэмээх унадаг дугуйгаар хотоо сүлжин, хосоо сундлан, залуучуудын хэрэглээ болгоод байсан. Харин өнөө үед машин унахгүй бол залуу хүнд тооцохгүй болчихсон мэт, унадаг дугуй гэдэг хүүхдийн тоглоом мэтээр сэтгэж, түүндээ бүрэн итгэчихээд дугуйг мартжээ.
Унадаг дугуйн хүсэл, хэрэглээ хэн хэнд байгааг нотлох нэгэн баримт. Сүхбаатарын талбайн голд унадаг дугуй түрээслэгчид гэсэн нэгэн албан бус ажлын байр бий. Өдрийн сүүлээр тэдний хэдэн дугуй ээлж чөлөөгүй ашиглагдана. Эзэндээ ашиг авчирна. Тэдгээр дугуй яагаад өдөр бүр ээлжгүй, амралтгүй унагдсаар байна вэ? Хүмүүс унадаг дугуй унах дуртай, сонирхолтой. Харамсалтай нь нөгөө “машинтангууд”-аас санаа зовж, “хүүхдийн тоглоом”-оос татгалзаж байна.
Үнэндээ байгаль орчинд ээлтэй, морьноос ялгаагүй ашигтай энэ унаа маань спорт болох хүртлээ хөгжчихсөн. Харин тэнгэр язгуурт монголчууд маань л харахгүй өнгөрөх гээд байна.
Унадаг дугуйг ах эгч, аав ээж, анд найзууд хэрэглээгээ болгох хэрэгтэй байна. Хэн байгальдаа хайртай, хэн орчин тойрноо хамгаалахыг хүснэ тэр дугуйг сонгох хэрэгтэй байна. Хийж байгаа ажлаасаа хоцорч, хотыг бүтэн сүлжих эвдэрхий замаас татгалзаж 30 минутаар цаг хэмнэх дугуйгаа унах хэрэгтэй байна. Авто замаар, эсвэл явган хүний замаар унадаг дугуйчдад зөвшөрөөгдсөн 50 см зурвас гаргах хэрэгтэй байна. Монголчууд маань үндэсний үзэл ихтэй болохоор гадаадын дугуйг хэрэглэж гадагшаа урсах хөрөнгийг улсдаа дугуй үйлдвэрлэдэг болгож татах хэрэгтэй байна./Цахилгаанаар ажилладаг машин бүтээгээд байгаа монгол инжернерүүд, “Могул” компьютер бүтээгээд байгаа монголчууд унадаг дугуй бүтээхэд торох зүйлгүй/ Машин хэмээх эдийн засгийн гарлага, залуу хүний илэрхийлэл гэсэн төөрөгдөл, байгалийн уушги-амьсгалыг буртаглагч, машингүй бол болохгүй мэт хийрхлээс зайлсхийх хэрэгтэй байна. Унадаг дугуйг, унадаг дугуйчдыг дэмжих хэрэгтэй байна, бүгдээрээ.

Байгаль орчноо хамгаалахын тулд бид юу хийж чадах вэ?

Өөрийнхөө эзэмшлийн орон гэртээ байгаа хүн жаргалтай байдаг нь “Хажуу өрөөнд зовохоор хувийн оромжинд жарга” /Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов/ гэдэг үгтэй ижилсэнэ байх. Монголчууд ч биш гадаадынхан ч гэсэн гэр амьтай улс гэдэг нь хувийн эдлэн газраа харамлаж, хамгаалж байгаагаас нь харагддаг. Гэр амьтай гэдэг үг тэгэхээр тийм ч сөрөг утгатай үг биш байх нь. Гэр гэдэг утгыг эртний Грект "Ойкос" гэдэг үгээр илэрхийлдэг байжээ. Харин өнөөгийн экологи гэх нэр томъёо "Гэр судлал" буюу "ойкос логос" гэсэн үг байсан аж.
Тэгэхээр байгаль орчин, хүрээлэн буй орчин гэж ярьж байгаа нь ердөө л гэр орны асуудал болон хувирч байгаа юм. Монголд гэр орныг улс оронтой адилтгасан нь цөөнгүй. Гэхдээ үүрэг, зохион байгуулалт зэргээр нь жишсэн болохоос бидний хөндөж буй асуудлын адилаар зүйрлэсэн нь үгүй. Гэр өөрөө ямар нэгэн гэртэй. Гэрийн гэр бас гэртэй. Гэрийн гэрийн гэр ч гэсэн гэртэй. Гэрийн гэрийн гэрийн гэрийн гэр... Энэ мэтчилэн гэрүүд шат ахисаар ээж байгаль, эрүүл орчны түвшинд хүрэх нь.
Бид гэр амьтай улс. Орон гэрээ байнга цэвэрлэж чаддаг хэрнээ "ойкос"-оо орхигдуулчихаад байдаг. Ялангуяа шинээр баригдаж байгаа барилга, байгууламжууд. Хуучин байгууллагууд ч бас ялгаагүй. Хууль ёсоороо байгууллага бүр "гэрийнхээ" эргэн тойрон 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж, арчлах үүрэгтэй. Харин үүнд нь хяналт тавьж байгаа газар алга. Гэрээ цэвэрхэн байлгахын тулд оюутнууд бид үүнийг хийж чадна. Итгэл, дэмжлэг л хэрэгтэй.
Айдас хоёр янз
Тийм ээ, айдас хоёр янз. Алсын ба агшин зуурын айдас гэж байгаа юм. Агшин зуурын айдас нь тун аюултай. Харуй бүрийд булангийн хажуунаас хар хувцастай сүүтэгнээд гараад ирэх юм бол агшин зуур айгаад газар дээрээ зүрх нь хаагдах эрсдэлтэй.
Алсын айдас нь ч тун аюултай. Ихэнхдээ маргаашийн, ирээдүйн тохиох зүйлээс эмээж явахыг үүнд багтааж болно. Үр хүүхэд маань яаж амьдрах бол, ямар ажилд орох бол, хэр их цалин авах бол, ямар орчинд аж төрөх бол...? Энэ мэтийн санаа зовнилыг айдаст тооцож болно. Ийм айдсын үр дагавар нь галзуурал, солиорол, сэтгэцийн гажиг, мэдрэлийн ядаргаа, адаглаад л стресст байнга оруулна. Харин нэг давуу тал нь гэвэл айдсаа засах, даван туулах боломж байнга байдаг.
Дэлхий нийтээрээ айдсаараа ижилсээд байна. Дэлхийн дулаарал. "60 жилийн дараа газраас ухсан шороотой усыг булаацалдан ууна, далайн усыг цэвэршүүлдэг үйлдвэрээс бусад бүх албан байгууллага дампуурч, хамгийн өндөр наслалт 50-д хүрэхтэй үгүйтэй, эмэгтэйчүүд халзан болно. Гэмт хэрэг уснаас үүдэлтэй байж, мөнгөний оронд усыг хэрэглэж, идэх зүйлийн 80 хувийг хиймэл аргаар боловсруулж, озоны давхрага цоорсноос болж хүмүүс хувцасгүй мөртлөө арьс нь өвчилсөн байх болно". "2070 оноос бичсэн захиа" нэртэй ийм зүйлийг та олж харсан уу? Айдсыг жинхэнэ бодит байдал болтол төрүүлнэ. Дараах холболтоор ороод тэр захидлыг уншаад үзээрэй. 2070 оноос ирсэн захиа. Нэгийг бодуулна байх.
Гэхдээ энд "2020 онд төрсөн хүн "ойкос"-ыг сүйрлээс аварч чадах сүүлчийн үе байсан юм" гэж хэлэх нь тайвшруулна. Байгалийг хамгаалж чадах сүүлээсээ хоёр дахь үеийнхэн нь бид байвал яах вэ? Тэгвэл бид ямар нэгэн зүйл хийхээс өөр аргагүй юм.
Бид юу хийж чадах вэ?
Одоо бидэнд байгаа боломж модоо тарих, газар сэндийлэлтийг багасгах, агаарын хордолтыг багасгах, орчиндоо хортой технологиос татгалзах, залуу үеийнхэн гэлтгүй иргэн бүрт "ойкос логос"-ын талаарх ойлголтыг бий болгох гэх зэрэг юм. Эдгээрийг хэрэгжүүлэх боломж хэр вэ?
Тавдугаар сарын 15 мод тарих өдөр гээд багагүй модыг тариалах бэлтгэл базааж, цөөнгүй хүн мод тарьж, насныхаа буянг үйлдэцгээж байна. Гэхдээ модыг ухсан газарт суулгах төдийгөөр болчихдог зүйл биш гэдгийг санаасай, тарьсан мод бүр нь эргээд хяналттай байгаасай, сэтгэл хөдлөлөөр, байгууллагын сурталчилгаа төдийхнөөр биш ирээдүйн айдсаа дарсан, хүүхдүүддээ хөрөнгө оруулалт хийсэн буянтай ажил байгаасай. Тарих модоо сонгохдоо ч анхаардаг байгаасай. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, мөнх ногоон моддыг зөв хослуулж суулгах хэрэгтэй. Зуны сүүлээр хөвөн шиг цагаан зүйл хийсдэг нь моддыг эр, эмээр нь хослон суулгаагүйгээс үүддэг байна. Харин хөдөө орон нутагт бэлчээрийн малд тэжээлтэй, хөрсийг сэргээж, шим өгөхүйц мод, ургамлыг тарих нь зүйтэй. Жишээлэхэд, согоовор, царгас зэрэг нь боломжийн сайн ургамал бөгөөд малд ч, хөрсөнд ч ач тус ихтэй. Үнэ ханш нь өндөр биш гээд бодохоор боломжийн ургамал.
Өнгөрсөн өвлийн хор хохирол монголд хүндхэн туссан нь тодхон харагдана. Хонь хэвтээд л өгвөл босохгүй байна гэнэ. Явсаар байгаад эр ямаанууд л үлдэж. Барагдахын сүүл гэдэг ч баяжихын эх юм хэмээн найдлага тавьж сууна, хэдэн малчин маань. 42 сая толгой мал өнгөрсөн намар тоолж бүртгэсэн ч ингээд 6 000 000 гаруйг нь эргээд алдчихлаа. Буруу нь байв? Нэгдүгээрт 168 000 000 малын хөл, шийр, туурай бэлчээрийн талбайд зэрэг гишгэж, зэрэг явж байсан нь талхлалт бий болгосон. Хоёрдугаарт 42 000 000 том жижиг хошуу зэрэг идэж, зэрэг хивж байсан нь бэлчээр ургамлын даацыг хэтрүүлсэн. Гуравдугаарт 2 000 гаруй уул уурхай, газар ухах лиценз зөвшөөрөл дээр нэмээд 3 000 гаруй гар аргын "нинжа" нар усны ундаргад хайргүй, газрын хэвлийд гамгүй хандсан нь өнгөрсөн өвлийн үндэс суурь юм.
Озоны давхаргын цоорол нь ирээдүйгээс заналхийлэх нэгэн айдас. Үүнд агаарын бохирдол хамгийн түрүүнд нөлөөтэй. Агаарын бохирдол ихтэй хотуудын тоонд Улаанбаатар зүй ёсоор орно. Учир нь тэнд 130 000 гаруй жижиг яндантай гэр, байшин бий. Учир нь бүр жижиг яндантай, ихэнх нь 10 жил явчихсан 130 000 гаруй өөрөө явагч машин бий. Учир нь хамгийн багадаа 40 гаруй жил болчихсон хэд хэдэн үйлдвэр бий. Эдгээр нь бүгдээрээ утаа ялгаруулдаг. Харамсалтай нь дийлэнх нь хэвийн хэмжээнээс хол зөрүүтэй. Монголчууд бүгд гэртэй болохыг, бүгд машинтай болохыг, бүгд үйлдвэртэй болохыг хүсдэг нь нууц биш. Энэ хүсэл, хэт давралд хязгаар жишиг тогтоох юм бол агаарын бохирдол төдий хэмжээгээр багасах нь дамжиггүй.
Хуванцар үйлдвэрлэдэг мөртлөө хортой хий ялгаруулдаг техник хэрэггүй. Хог боловсруулдаг хэрнээ бохир шингэн гаргадаг бол бас л хэрэггүй. Мод боловсруулдаг байж болох ч оч хаядаг бол түймэр тавих эрсдэлтэй. Дулааны цахилгаан станцын утаа ялгаруулж дулаан боловсруулдаг технологиос зайлсхийж байна. Үр бүтээмжтэй байж болох ч гарах эрсдэл нь түүнээсээ хэд дахин илүү байх технологиос татгалзах хэрэгтэй. Амьдрал баян болохоор юу ч тохиолдож болно. Эрсдлээс хамгаалах сонгодог арга нь татгалзах юм. Харин бид яах ёстой вэ? Хүний хөгжилд нэрээр олгож байгаа 10 кг махны мөнгөөр салхин сэнс, нарны зайн цахилгаан үүсгүүрийг босгох, өөрийн улсын физикч, зохион бүтээгчдийг дэмжиж салхин сэнсийг бий болгуулах нь зүйтэй. Автомашинаас түдгэлзэж байна. Шатахуунаар ажиллаж, утаа ялгаруулдаг нь тал талын сөрөг дагавартай. Саяхан Монголд цахилгаанаар ажилладаг машин зохион бүтээсэн. Дэмжлэг байвал Монгол хүн бид бүхнийг чадна.
Манай боловсролын системд "Хүүхдүүдэд, залуу үеийнхэнд л сургах хэрэгтэй. Бид яах вэ, харьж яваа улс" гэсэн ахмадын байр суурь байнга байдаг. Энэ л аюул. Эрх чөлөөтэй нийгэм нэгэнт бий болсон бол нийтээрээ сурах, ойлгох ёстой зүйлийг ахмад үе үл тоож байхад залуу үе заавал мэдэх ёстой байж болохгүй. Нэг л хүн болохгүй бол бусад нь ч бас болохгүй байх эрх нь бий. Тэр нь өөрөө ардчиллын нэгэн шинж. Хүүхдүүдэд боловсролоор нь, залууст хэвлэл мэдээллийн хэрэгслээр, ахмад үеийнхэнд суртал ухуулгаар, дарга нараар ятгуулвал бүх нийтийн байгаль хамгаалах, "Ойкос-логос"-ын асуудал бүрнээ хэрэгжих суурийг тавьж чадна.
Бид гэрээ цэвэрлэдэг мөртлөө яагаад “гэрийнхээ гэрийг” цэвэрлэдэггүй юм бэ?
Бид ирээдүйд эмээж, стресст оролгүй ямар нэг зүйл яагаад хийж болохгүй гэж?
Бид "Ойкос"-оо хамгаалж, хайрлаж эх дэлхийгээ аврах боломжоор дүүрэн байна. Бид гэр амьтай улс.

Sunday, May 9, 2010

Хоёр хөгшин ярилцаж байна:

Төрийн эрхэнд гарчихсан хүмүүс, тэр Элбэгдорж гэж...
"Ажлаасаа чөлөө авчихсан байгаа гэж хэлэхээсээ санаа зовдог, ичдэг байж билээ. Гэтэл одоогийн хүүхдүүд өөдөөс харж, маасайчихаад ажилгүй ээ, гээд хээв нэг зогсож байх болж. Төрийн эрхэнд гарчихсан хүмүүсийн тоо хэтэрхий олон байна. Дээхэн үед 10 гаруй даргатай байхад л болоод явдаг байсан атал одоо 76 дээр нэмээд Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч Элбэгдорж гэж манай нутгийн хүү. Ээж нь хичнээн хэл амтай хүн байлаа, өөрөө ч гэсэн хонинд яваад үгэнд ордоггүй, үнэхээрийн хэнэггүй хүн байсан. Тэр чигээрээ явсаар байгаад л төрийн толгойд гараад суучихлаа даа.
Улс орны хөгжлийг үзэх минь ч өнгөрөв бололтой, хойдууд маань л яах болж байгаа юм. Хүнээ гэх сэтгэл, хамтач чанар огт үгүй болж байна. Хөдөөнөөс ирж байгаа хүнээс хүнийг нь асуухгүй байгаа мөртлөө хонь мал яаж байна гэж асуух болж. Хүнээ байж байгаа нь тэр л дээ."
Хөгшчүүд ингэж ярилцсаар буух газраа ирж автобуснаас гарлаа.
Улсыг хөгжүүлэх тухайд Их хурлынхан бодож байгаа зүйл алга аа. Хийж байгаа ажил гэж алга, хууль зохиох гэж үзэлцсээр л байх юм. Гараас гарч байгаа нь юу билээ?
Амлаж гарсан зүйлийнх нь дундаас авчихмаар юм байсан. Жишээ нь гэхэд ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн. Гэхдээ тэр үед асуудаг л байж, УИХ-ын гишүүд ажлын байрыг нэмэх ажил үүрэгтэн мөн үү? Тэд өөрсдөө төрийн мөнгөөр туйлж компани мэтхэнийг байгуулахгүй л юм бол ажлын байрыг нэмээд байдаг нь ч юу л бол.
Тулаан хийхдээ эмзэг цэгийг шуудхан олж, шулуухан хүчтэй цохилт өгөх ёстой. Харин ард түмний эмзэг газар улс төрчид цохилт өгч төрийн санхүүгийн урсгалыг өөрийн халаас руу чиглүүлсээр байх уу?

Friday, May 7, 2010

Хүүхдийнхээ ирээдүйд мөнгө хадгалж болох ч хүчилтөрөгч бас хадгалж болно


Аймаг, сум, баг тус бүрт 100 мод тарих жилийн аяныг эхлүүлэхээр болжээ. БОЯ, байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг хэдэн ТББ хамтран эхлүүлж байгаа энэ ажлын эхлэл хамгийн их цөлжилттэй байгаа Дундговь аймгийн Өндөршил сумаас эхэлнэ гэнэ. Монгол улсын 21 аймаг 330 гаруй сумтайгаа нийлээд 350 гаруй болж байгаа юм. 35 000 мод тарих болж байна. Цаашлаад баг тус бүрт гээд үзэхээр энэ тоо дор хаяж тав дахин өснө. 190 000 ширхэг мод тарих ажил өрнөх нь. Улс орны хувьд аваад үзэхэд багахан тоо мэт.
Гэхдээ бид хэрхэн мод тарьдаг билээ?
Дээхэн үеийн жишээ ярих юм бол бид сайн мод тариалагчид байж болох. Гэхдээ тэр үеэс өнөөдөр юугаараа ялгаатай вэ гэвэл хүн бүр эрх чөлөөтэй. Тэдний сонголтоос бүгд хамаарна... Хүсвэл хийнэ, хүсэхгүй бол үгүй.Мод тарихад ч мөн адил. Тухайн цаг үед нийгмийн сайн сайхан, агуу социализм гэсэн нэгдсэн "эмээх зүйлтэй" байсан. Харин одоо бол ээжээсээ ч бараг айхгүй байгаа бие даасан бие хүмүүс байгаа шүү дээ. Тэднийг нэгтгэхэд хэцүү.
Өнгөрсөн оны хаврын сүүлчээр "Шинэ өглөө" сангийнхан нийслэлийн хойд цэг Ар согоотод томхон газарт олон хүнийг хөдөлгөж, хөрөнгө зарж төгөл байгуулах ажил өрнүүлж байсан. Гэвч жилийн дараах байдал ямар байгааг очоод харвал гонсоймоор.
Модыг авахдаа хамгийн сайн, залуухан, тэгшхэн модыг нь хайсаар яваад олж, шилж чаддаг мөртлөө тарьж суулгахдаа яагаад ийм хичээл зүтгэлтэй хандахгүй байгаа юм бол? Нүүр лүүгээ элс цацуулсан, нүд рүүгээ шороо оруулсан, арьс нь хатсан үдээрнээс ялгаагүй болох ирээдүйг их хүссэндээ юм уу? Модыг ядаж авсныхаа тал хувьтай нь тэнцэхүйц хэмжээгээр тарьж байхгүй бол дээрх ирээдүй л бидэнд ирнэ.
Тооноос чанарт шилжихийг хичээцгээе. 190 орчим мянган модыг хөрсөнд суулгахаасаа өмнө иргэдийн тархинд мод тарих цаг аль эрт болчихсон ч хэн ч юу ч хийгээгүй байна.
Сүүлийн үед Тавантолгой, Оюутолгой гэдэг асуудлыг улс төрчид ихээр ярьж байгаа болохоор хүмүүст тэр л хамгийн чухал асуудал мэт ойллого төрчихсөн мэт. Үнэндээ алт, оюу, зэс, гууль юу л байна тэр хөрсөндөө байлаа гээд бид нар өлсөөд эсвэл хатаад үхчихгүй. Харин байгаль эх маань ширгээд дуусчихвал жинхэнэ хуурайшилт, дутагдаад байсан оюуны цангаа туйлдаа хүрнэ. Сэтгэлгээний цөлжилтийн үр дүн биенд, эх дэлхийд маань халдварлана.
Мод тарьснаар асуудал шийдэгдэхгүй. Ямар модыг хаана, яаж тарих гэдгээс бас олон зүйл хамааралтай. Элсэрхэг орчинд тэсвэртэйг нь мэдээж говь нутагт, харин элсний нүүдлийг хязгаарлачихмаар модыг хангай хээрийн бүсэд, харин хангайд бол гүний усыг ихээр татаж чаддаг тийм л моддыг тарих нь зүй. Баг бүрт 100 мод гэж байхаар хашаа бүрт нэг мод гэвэл илүү үр бүтээмжтэй юм болов уу?
Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт экологи гэдэг хичээлийг онол, лекц биш харин газар хөрстэй шууд харьцдаг цаг болгох хэрэгтэй. Модоо тариад, хажуугаар нь хүнсний ногоо тарьсан ч болно. Эцэг эхчүүдийг ч бас албан байгууллагаар нь дамжуулан сургалт, семинар, лекц, илтгэлд хамруулах нь зүйтэй.
Нэг хийвэл хийсэн шиг хийе гэдэг үгийг монголчууд маань хэлдэг дээ.
Ар согоотод юу дутагдсан бэ? Мод бүхэнд хандуулах халамж. Мод бол хүнсний ногоо биш болохоор модгүй байсан газарт их л арчилгаа шаардах нь тодорхой. Шал өөр газар шилжээд ирэхээр нэг л эвгүй санагддаг. Эсвэл найзууд дундаасаа танихгүй хүмүүсийн дунд ороод ирэхээр таны хувьд хүндхэн байдал бий болно. Яг л түүн шиг мод тарихад ч бас учир бий. Хүлээцтэй, тэвчээртэйгээр хандвал модыг тарьж болно. Гэхдээ эхлээд тарих хүслийг хүн бүрийн зүрхэнд бий болгох хэрэгтэй.
Монголчуудын хувьд туудаг хэдэн малаасаа авсан шимээр аж төрдөг байсан. Нүүж явахдаа газар ургасан сонгино цоорхон зэргийг тасдаж аваад хэрэглэчихдэг байжээ. Тэр үйлдлээс нь сөрөг үр дагавар гардаггүй байсантай холбоотой. Яагаад гэвэл тухайн газарт сар жилээр суухгүй. Сайндаа л хоёр сар болоод нүүгээд явчихна. 1-2 жилийн дараа эргэж ирнэ. Тэгэхэд өнөөх цоор нь хоёр дахин их ургачихсан байна. Ургамлыг бага багаар тайраад байвал илүү хурдан ургадаг гэдэг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл бид ургуулж тарих талын туршлага багатай.
Мод тарилаа гэхэд түүнийгээ жил тойрон арчлаад байх завгүй байсан. Гэхдээ өөрсдөө байгальдаа хөнөөлгүй учраас эх дэлхий өөрийн эргэлт, урсгалаараа л нөхөн төлжөөд явдаг байсан. Ясны юм гэдэг ясны л юм шүү дээ.
Хар багаасаа мод тарьж үзээгүй, мод тарих гэдэг үг чихэнд хөндий сонсогдон цуурайтаж байгаа бол өнөө маргаашдаа мод тарих гэхгүй л байх. Харин мод тарих аргыг заана, байнга хянаж тусална, мод тарих нь танд болон гэр бүлд тань ийм ач холбогдолтой. Хүүхдийнхээ ирээдүйд мөнгө хадгалж болох хүчилтөрөгч бас хадгалж болно гэх зэргээр ухуулга хийчихвэл ч модыг тарьж өгнө дөө. Монголчууд ухуулга хийхдээ сайн улс юм хойно. Аймаг, сум, баг бүрт тарих нийт 190 000 орчим мод 2 700 000 байг гэхэд нэг саяд хүрэх ч юм бил үү.

Thursday, May 6, 2010

Ulaanbaatariin udesh



Шөнийн харанхуйд гэрэл гялалзахыг харахад
Шүлэг хэлэх шиг санагдана, хашгираан дунд
Үдшийн бүрий оддоо угтан хүлээсээр
Үлгэрийн юм шиг өдөр өнгөрнө...
Маргаашийн эхлэл өнөөдөр...

Монгол хэл соёлын өдөр


1,ШУА-ийн "Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь" 2008 он
2,Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар "Монгол үсгийн дүрмийн толь" 1983 он
3,Я.Цэвэл "Монгол хэлний товч тайлбар толь" 1966 он
4,Чой.Лувсанжав нар "Монгол бичгийн хадмал толь" 1992 он
5,Л.Болд "Монгол хэлний зөв бичих зүйн толь" 2003 он

Нилээд үү, нэлээд үү?
Нэгдүгээр тольд “нэлээд” гэдэг үгийг “Үйл хэргийн хэмжээ, үйл байдал бага бус, санаснаас арай илүү болох нь” гэсэн утгатай хэмээн тайлбарлажээ. Энэхүү “нэлээд” хэмээх үгийг “нилээд” гэж бичиж буй нь элбэг тохиолдох зөв бичих дүрмийн алдаа болно.
Монгол бичгээр энэхүү үгийг “neliyed” хэмээн бичдэг. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д мөн л нилээн гэсэн үг алга. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “нэлээд”, “нилээд” хоёулаа байна. Энэ толийг баримтлагч хүмүүс “нилээн” гэж бичдэг байж болох юм. 1966 онд гарсан энэ толь бичгээс хойш нэлээд толь бичгүүд гарсан бөгөөд тэр толиудад нэлээн, нэлээд гэж бичих нь зөв болохыг журамлаж өгчээ.
Дурьдах биш ээ, дурдах
“Сануулан хэлэх, хэлж өнгөрөх, тоочин дурсах, өнгөрснийг дурсах” гэх мэт утгатай нэгэн үгийг бид “дурьдах” болон “дурдах” гэсэн хоёр өөр хэлбэрээр бичих болжээ. Нэгдүгээр толийг үзвэл “дурдах” гэсэн байхаас “дурьдах” гэж алга ажээ. Бусад толь бичиг, тухайлбал гуравдугаар толь, хоёрдугаар толь, дөрөвдүгээр толинд дурдах гэсэн байна. Тэгэхээр “дурдах” хэмээн бичих нь зөв юм.
“Дурдах” зөв болохын учир нь монгол бичгээр бичихдээ “duradhu” гэж бичдэгээр харагдана. “Дурдах” гэсэн үгнээс “durathal” буюу “дурдатгал” хэмээх үг үүсдэг. Бид “дурьдах” гэж буруу бичиж байгаагаас шалтгаалан дуудлагын хувьд ч өөрчлөлт орж бидний ярианд иймэрхүү маягаар зөөлөн дуудагдах тал ажиглагдаж байгааг дурдъя.
“Дахь, Дах, Дахи” – Аль нь зөв юм бол?
“Хоёр дахь, гурав дахь” гэх мэтээр хэрэглэгддэг “дахь”-ийг бид “дах”, “дахи” зэргээр даруй гурван янзаар бичиж байна. Одоогийн мөрдөж буй зөв бичихүйн үүднээс чухам аль нь зөв юм бол? Энэ үгийг нэгдүгээр тольд “Эр эгшгээр амилсан тооны нэрд залгах дэс тооны дагавар” гээд “тав дахь”, “гар дахь”, “тогоон дахь” гэх мэтээр бичнэ гэжээ.
Хоёрдугаар толинд “дахь” хэмээн бичсэн байна. Мөн дөрөвдүгээр толинд “дахь” гэж байна. Харин гуравдугаар толинд аль ч хэлбэрээр нь энэ үгийг тайлбарлаагүй байх юм. Монгол бичгээр “dahi” хэмээн бичдэг бөгөөд үүнийг нь баримтлан зарим хүн “хоёр дахи” гэх мэтээр бичдэг бололтой.
Бидний буруу бичээд байгаа “дах” гэдэг нь хүйтний улиралд хувцасны гадуур үсийг нь гадагш харуулан өмсөх арьсан хувцсыг бичих хэлбэр бөгөөд монгол бичгээр “dahu” хэмээн бичнэ. Бас “дахи” хэмээн бичиж байгаа нь ч буруу болох ба ёстой Арго багшийн яриад байдаг бидний бүхий л үйл хэргийг даадаг, хийдэг гэгддэг “Дахи” бурхныг нь ингэж бичих байх.
Шавж шавна, шоргоолж шургана
Зуны үдэш хаа нэгтээ хурц гэрэл туссан газруудад хар цох, цагаан эрвээхэй шавааралдсан байх нь нэн элбэг тааралддаг. Эдгээр шавааралдсан цох, эрвээхэй зэрэг далавчтай далавчгүй жижиг амьтад нь бүгд шавжийн төрөлд багтана. Нэгдүгээр толинд энэ үгийг “Үе хөлтний хүрээний нэг анги, олонх нь далавчтай, биеийн галбир, өнгө, амьдрахуйн хэлбэрээр нэн олон янз” гэжээ.
Сүүлийн үед “шавж” гэхийг “шавьж” гээд буруу бичиж, мөн бичихийн хажуугаар ингэж дуудаж хэвшсэн байна. Шавж гэдэг маань шавааралдаж амьдардаг амьтан билээ. Үгийн гарлынхаа хувьд ч монгол хэлний “шавах” гэсэн үгнээс гаралтай бөгөөд монгол бичгээр шавжийг “шибажи” хэмээн бичдэг. Мөн монгол бичгээр “шавах” гэдгийг “shibahu” хэмээн бичсэнээс шавж хэмээн бичих нь зөв болох нь тодорхой харагдана. Шавж гэдэг үг нь нэг, хоёрдугаар толинд аль алинд нь байна. Харин 1992 онд хэвлэгдсэн Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь”-д “шавьж” хэмээн буруу бичсэн байх юм. Тэгэхээр “шавьж” биш “шавж” хэмээн зөв бичих учиртай.
Дашрамд сонирхуулахад, монголчууд бидний бахархал болсон монгол бичиг маань үгийн гарал, үгийн утга учрыг бидэнд ухааруулах, нээн харуулах талаасаа гайхамшигтай билээ. Бидний сайн мэдэх шоргоолж хэмээх шавжийн нэр ямар учир утгатай болох нь монгол бичгээр дурайтал тодорхой харагддаг. Монгол бичгээр шоргоолжийг “shirgulji” гэж бичдэг, энэ үгийн үндэс нь “shirguhu” буюу “шургах” юм. Өөрөөр хэлбэл шоргоолж нь ямар нэг юмны доогуур шургаж амьдардаг шавж юм.
Хойт буруу хойд нь зөв
Хойт Америк гэж бичсэн байх юм. Хойд гэдэг зүг чиг заасан үг маань яалаа???
Нэгдүгээр толь бичигт “хойд” гэдэг үг нь “Умар, ар тал, дараа /хойд үе гэх мэт/, ирээдүй /хойдыг бодох/” гэх мэтээр тайлбарлажээ. Мөн “хойт” гэсэн үг байх авч “хойд”-ыг үз гэжээ.
Харин гуравдугаар, дөрөвдүгээр толинд “хойд” гэдэг нь монголын нэгэн овгийн нэр гээд “хойт” гэсэн хэлбэрт зүг чиг, ар тал гэх утгыг зааж өгчээ. Тавдугаар толинд утга оноож, оруулаагүй аж. Гэтэл хоёрдугаар толь бичигт “хойд” гэж байхаас “хойт” гэж алга. Я.Цэвэлийн, Ц.Дамдинсүрэнгийн толь ингэж хоорондоо зөрөхөөр Монгол бичиг рүүгээ хандахаас өөр аргагүй. Зүг чигийг “hoidu”, харин овгийг “hoid” гэж бичдэг. Одоо хэрэглэж буй шинэ үсэгт хоёуланг нь хойд гэж бичих ч утга өөр байх юм. “наад”, “цаад” гэх зэрэг ойролцоо үгсийг аваад үзэхэд хэрэв “хойт” гэж бичдэг байсан бол “наат”, “цаат” зэргээр буруу болох учиртай.
Эдгээрийг http://borolzoi.blogmn.net/ хаягаас авсан юм шүү. Тун хэрэгцээтэй зүйл гаргасанд нь талархаж байна шүү.



Харин доорх бичвэр бол номын эхлэл хэсэг юм шүү. Би яг үг үсэг, цэг таслал үлдээлгүй хуулж бичсэн. Ном гэхэд аймар их алдаатай. Б.Баттөгс "Хүний нөөцийн менежмент" УБ 2008 гэсэн цэнхэр ном байна лээ. Редактор нь Докторын цолтой хүн байсан гээд бодохоор эргэлзмээр... Та нар алдааг нь засаад редакторлацгаагаарай...

Өмнөх үг
Өнөөгийн зах зээлийн эдийн засгийн системд аж ахуйн нэгж байгууллага хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр болон бодлогыг боловсруулснаар байгууллагын боловсон хүчний ур чадвар, мэдлэг ур чадварыг нээн илрүүлэх, чадварлаг, зөв ажил горлигчийг олж авах, зах зээлд өрсөлдөх чадварыг, дээшлүүлэх ач холбогдолтой. Одоогийн аж ахуйн нэгж байгууллагын бодлогын залгамж холбоо алдагдаж, ингэснээр зах зээлд өрсөлдөх чадамжаа алдаж сөрөг үр дагвар гардаг. Аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн менежер нь зөвхөн ажил горлигчдыг ажилд аваад, ажилаас халах тушаал гаргах, ажлыг хийж байгаа нь маш харамсалтай байна. Удирдагч хүн ажилтнуудаа зөвхөн тушаал өгөх биш харин тэдний хүчийг нэгтгэн нэг зорилгод чиглүүлэх, авъяас чадвараа нээхэд нь туслах, шинээр сэтгэгчийг бий болгох таатай орчныг бүрдүүлэхэд ихээхэн анхаардаг байх ёстой. Өнөөгийн 21-р зуунд байгууллагууд Зөв хүн бол, бидний хамгийн чухал хөрөнгө, хувийн сахилгатай, арчилгаа шаардлагагүй хүмүүсийг ажилд аваад, хүнийг нь биш системээ тойруулж хүнээ бүрдүүлж хөгжүүлэх хэрэгтэй.
Энэхүү ном нь Хүний нөөцийн менежмент, Банкны нягтлан бодох бүртгэл, хуулийн эмхтгэл гэх мэт хичээлүүдийг нэгтгэн, онол арга зүй, практтиктай хослуулан гаргаж байна. Нийт боловсон хүчин болон оюутан залуус, уншигч та бүхэнд толилуулж байна.
Нэгдүгээр бүлэг
Хүний нөөцийн онол арга зүй
Судлах зүйл

1.1 Байгууллагын үндсэн бодлого
1.2 Хүний нөөцийн тогтолцоо
1.3 Хүний нөөцийн төлөвөлөлт
1.4 Ажлын байрны шинжилгээ ба тодорхойлолт
1.5 Хүний нөөцийн бүрдүүлэлт

1.1 Байгууллагын үндсэн бодлого

Юу гэхээсээ илүү хэн гэдгээс эхэлбэл өнөө буй ертөнцөд илүү хурдан зохицож чадна. Хэрвээ бид хүмүүсээр багаа бүрдүүлсэн бол хүмүүсээ яаж идэвхжүүлэх, яаж удирдах гэсэн асуудал үгүй болно. Баг буруу бол чиглэл хичнээн зөв байсан ч амжилтанд хүрч чадахгүй. Агуу санаа агуу хүмүүсгүй бол бүтэлгүй байдагтай агаар нэг. Хаашаа явахаа тогтохоос өмнө, зөв хүмүүсээр багаа бүрдүүлэх, буруу хүмүүсийг үлдээх. Хүнтэй холбоотой асуудалуудыг анхааралынхаа төвд байлгах, ажиллагсдыг үндэслэлгүй, бодолгүйгээр халах, ялангуяа хүнд үед нь хөөх, ажлаас нь халах нь хамгийн бүдүүлэг явдал юм.
Бид хамгийн чадварлаг багийг бүрдүүлнэ.Хамгийн чадвартай хүмүүс нь өөрийн албан тушаалын талаар санаа зовох шаардлагагүй байдаг.
Эргэлзэж байвал ажилд авахгүй байх. Компаний төлөвлөлтийг тодорхойлж байгаа зүйл нь зах зээлийн технилоги өрсөлдөөн, юуний өмнө бүх зүйлсээс хамгийн дээгүүр тавигдах нь хангалттай сайн хүмүүсийг олж авах цаашид тогтвортой байлгах чадвар юм. өөрийн хамгийн сайн хүнээ хамгийн том асуудал дээр биш хамгийн том боломжинд дээр тавь.
Асуудлуудаасаа салахийг хүсэж байвал онц хүмүүсээсээ битгий сал. Энэ бол амжилтын нууцын нэг юм. Мөн хамгийн сайн хүндээ сайн суудлыг бий болгох нь чухал яаж идэвхжүүлэх биш хэнийг идэвхжүүлэх нь чухал юм. урамшуулал сэдэлжүүлэх нь чухал, Буруу хүмүүсийг сайн зан үйл гаргуулахын тулд урамшуулал сэдэлжүүлэлт байх ёсгүй зүйл юм.
Сайн хүмүүүсийг сайн суудалд суулгаад цаашид тогтвортой байлгахад урамшуулал, сэдэлжүүлэлт байх ёстой.
Зөв хүн бол бидний хамгийн чухал хөрөнгө, хүмүүс хамгийн чухал хөрөнгө гэсэн тогтсон хэллэгээс татгалзах шилдгийн шилдгүүдэд шилжих үед хүмүүс хамгийн чухал хөрөнгө биш, харин зөв хүн хамгийн үнэтэй хөрөнгө юм. Хувийн сахилгатай арчилгаа шаарддаггүй, хүмүүсийг ажилд аваад хүнийг нь биш системийг нь арчилах явдал юм.
Бид юунд хамгийн шинэ нь байхаа, юуг хамгийн шинийг чадахаа мөн хамтарч бэрхшээлийг давах, бодит биелэл болгох хувиарлах, тэмүүлэлээ онцлон тодоруулах хэрэгтэй.
Бодит бүтээмж=Зөв хүн+Идэвхжүүлэлт

СГЗ, Сэтгүүл Г.Золжаргал ахтай уулзлаа




Манай сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим улсдаа нэртэйсэн. Саяхан Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал ах нэг, гуравдугаар ангийн оюутнуудтай уулзсан юм. Тэрээр ирээдүйд сэтгүүлч болох бидэнд нэгэн зүйлийг долоо болгон захиж байсан юм. Тэдгээр нь Англи, Орос, Хятад, Герман, Франц,Испани, Монгол хэл бичгээ сайтар судалж, гарамгай сурахыг захив.
Яагаад гэвэл сэтгүүлчид төслийн ажил хийх боломж маш их байна гэнэ. Гэтэл мэргэжлийн сэтгүүлчид тэр ажлыг нь хариуцаад авч арай л чадахгүй байгаа юм. Хэдий сэтгүүл зүйн тухайд боломжийн ойлголт, чадвартай боловч хэлний асуудал "таг". Франц хэл гэнэ, Япон хэлээр гэнэ, Никарагуа улсын хэлээр ч байсан сайн ярьдаг эсвэл харилцдаг сэтгүүлчтэй бол ажлыг ундаргахаар зэхсэн төсөл олон байна.
Нэгэнт сэтгүүлчид маань чадахгүй болохоор хуульчид, олон улсын харилцааныхан гэх зэргийн мэргэжлийн хүмүүс тэр төслийг шүүрэн аваад байна гэнэ.Тэдэнд байдаг том дутагдал нь сэтгүүл зүйн шаардлага хангасан мэдээлэл хүргэх тал дээр асуудалтай тулгардаг юм байна.
Г.Золжаргал ахыг ойроос харахад ТВ-ээр гардагаасаа хавьгүй дөлгөөхөн, намбалаг хүн байсан юм. Тэрээр хэл сурахыг захихдаа өөрийн нэгэн түүхийг ярьсан юм.Хэрэв чамд дурласан бүсгүйгээс чинь өөр хэлээр захиа ирэх юм бол чи тэр хэлийг сурахыг маш их хүсээд зогсохгүй түргэн сурна гэнэ. Учир нь онцгой нөхцөл, зүрх, сэтгэл, тархинаас нь хүсэл оргилж байгаа болохоор...
Өөрөө герман бичигтэй цамц өмссөн бөгөөд Герман хэлийг багадаа сурсан гэнэ. Яаж гэвэл үнэхээр их шүтэн биширч байсан хөл бөмбөгийн багийнх нь зурагтай мэдээлэл нэг герман хэл дээрх сонин дээр гарч. Толь аваад тэрийгээ нухаж суусаар анхны хэдэн үгээ цээжилж, мэдсэн гэнэ лээ.
Нэг цаг 30 минутын ярилцлагын дараа тэрээр дөрөвхөн долоо хоногийн өмнө бүтээсэн "Говийн Охид" баримтат киногоо үзүүллээ. Тэр бол ахуй амьдрал, нийгмийн сэдэвт баримтат кино хийдэг уран бүтээлч гэж өөрийгөө хэлж байсан. Үнэхээр ч тийм байхаас аргагүй уран бүтээлч юм. Залуу сэтгүүлчдийг чадахаараа дэмжиж ажилладгаа илэрхийлсэн юм. Эцэст нь "Хожим үзээд ийм байсан юм байна гээд гайхаж, дуу алдуулахуйц баримтат кино хийхийг хүсдэг. Өнөөдөр байгаа амьдрал чинь ирээдүйд өөрчлөгдөнө. Түүхэн амьдралыг л сануулах гэж баримтат кино хийдэг" гэдгээ илэрхийлж байсан юм.